Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хамтарсан Засгийн газар 2028 онд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх тодорхой бөгөөд том зорилготой.
Том зорилго, тодорхой даалгавраа заавал биелүүлэхийн тулд шинэ эдийн засгийг бүтээж угсарч босгох зайлшгүй шаардлагатай байна. Та бүхэн бол Засгийн газрын бодлогыг орон нутагт бодит ажил болгох, иргэндээ үр дүнг нь хаяглан хүргэх итгэл, үүрэг, даалгавар хүлээсэн хүмүүс. Гучин жилийн дуусдаггүй яриануудыг дуусгах гэж бид хамтарсан. Гучин жилийн өмнөх засаг дарга нарын үед эхэлсэн яриаг ажил болгох гэж хамтарсан. Улс төр хийж биш ажил хийж хөгжинө. Улс төр багатай, ажил ихтэй байхыг бүх албан тушаалтнаас ард түмэн, цаг үе шаардаж байна” гэсэн юм.