“Мисс Монголиа 2013” наадам энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Монгол орны өнцөг булан бүрээс гоо бүсгүйгээ шалгаруулсан энэ наадамд нийтдээ 70 гаруй бүсгүйчүүд оролцсон юм. Энэхүү тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану тодорсон билээ.
Тэгвэл мисс бүсгүй маань энэ сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss International 2013” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээндээ амжилттай оролцож байна.
Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөж байгаа гэнэ.
“Miss Mongolia-2013” тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаад байгаа нэгэн билээ. Ингээд эх орноо төлөөлөн “Miss International 2013” тэмцээнд гялалзаж яваа мисс Н.Анудаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.
Д.Ана