Найруулагч П. Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A South Facing Window) бүтээл Швейцарын 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын (Locarno Film Festival) богино хэмжээний киноны уралдаант хэсэгт албан ёсоор шалгарлаа. Монгол Улсын “Гуру Медиа” болон Францын “Аврора Филмс” компанийн хамтын уран бүтээл болох энэхүү кино нь наадмын үеэр олон улсад нээлтээ хийх юм.
Локарно кино наадмын Pardi di Domani – Concorso Corti d’Autore (Leopards of Tomorrow – Short Film Competition) хөтөлбөр нь улс үндэстэн, үе хоорондын харилцааг өргөжүүлэх, мөн дэлхийн кино урлагийн ирээдүйг тодорхойлох залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой бөгөөд энэ жил тус уралдааны гурван ангилалд 25 орны 40 кино бүтээл шалгарч өрсөлдөж байна.

“Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино нь тус кино наадамд Монгол Улсаас шалгарсан анхны уран бүтээл болж байгаа юм.
Киноны гол дүрд жүжигчин Мөнхбатын Аззаяа, Мөнхнасангийн Алтаншагай нар тоглосон бол туслах дүрд Цогбадрахын Оюунцэцэг, Бат-Оршихын Одгэрэл, Сүхбаатарын Сарангэрэл, Шагдаржавын Батбаяр нар оролцжээ.
Продюсероор Катя Хакак (Аврора Филмс), Х.Оюундарь (Гуру Медиа) нар ажиллаж, зураглаачаар Vasco Viana (Португал), камерийн 1-р туслахаар Selma Lopes (Португал), дууны инженерээр Benjamin Silvestre (Франц) ажилласан бөгөөд бүтээлд Монгол, Франц, Хонг Конгийн нийт 50 гаруй уран бүтээлч хамтран ажилласан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл