Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдлаа.
Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулсан юм.
Фестивалийн “Нүүдэлчин” их тайзнаа энэ сарын 23-ний өдөр Баянхонгор, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид язгуур урлагийн тоглолтуудаа толилууллаа.

Мөн БНСУ-ын Өмнөд Чунчон аймгийн Сочон, Гванжү хот, Туркменистан Улс, ОХУ-ын Буриад Улсын оролцогчид язгуур урлагийн тоглолтоо “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зорин ирсэн үзэгчдэд толилуулав.
Тэдгээрээс онцолбол, Баян-Өлгий аймгийн оролцогчид Алтайн магтаал, аялгуут домбор, ардын авьяастнуудын тоглолт үзүүлбэрүүдээ хүргэсний зэрэгцээ өөрсдийн бүс нутгийнхаа өв уламжлалыг олон нийтэд таниулан сурталчилсан.
Мөн “Дуу хуур-Өв соёлын өлгий” хэмээн алдаршсан Дундговь аймгийн өвийн залгамж халаа болсон өвлөн уламжлагчид хүүхдүүдийн хамт говь, тал нутгийн нүүдэлчин ахуйн онцлогийг шингээсэн, халх угсаатны язгуур өв соёл ерөөл, уртын дуу, морин хуур, ардын дуу, харилцаа дуу, ардын хөгжим, ардын бүжиг, малын уриа дуудлага, хурдан морины цол, бөхийн цол дуудах, хөөмий, гийнгоо, зээ татах, хоолойн лимбэ, тууль аялгуут магтаал зэрэг язгуур урлагийн төрлүүдээр урлагийн тоглолт толилуулсан.

Харин Говь-Алтай аймгийн хувьд соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол тууль” хайлах өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор Алтай магтаал хайлах, Монголын эртний уран зохиолын ноён оргил гэгдэх “Жангар” баатарлаг тууль, “Агийн улаан хаан” тууль хайлах, Туульсын хөгжим болон “Хайдан”, “Савардан” хөгжмийн цөөхүүл “Алтай” ятга хөгжмөөр хөгжимдөж, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн долоон айгийн нэг төрөл болох эх хэл, аман уламжлал, илэрхийллүүдийг онцлон зочдод тоглож сонирхуулсан юм.



Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл