Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн буюу есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй тус ажлын хэсэг өнөөдөр (2025.10.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлууд, мөн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах талаар зөвлөлдөж, ярилцсан байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газрын болон Байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэх учир хугацаа алдалгүй тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгосон байна.

Ажлын хэсгийн уулзалтад Төрийн ордны гадаа суулт хийж буй ахмад настнуудыг төлөөлөн иргэн Ц.Алтанзул, Д.Отгонбаяр, Э.Ганбаатар нар оролцсон юм.

Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат ахмад настнуудаас тавьж буй шаардлага, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, тодорхой санал, хувилбар боловсруулж ирүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нөхцөл шаардлага, хязгаарлалтыг багасгах тооцоо хийж, мөн санал ирүүлэхийг Монголбанканд, ахмад настныг асрахуй болон халамж хамгааллыг сайжруулах талаарх нийгмийн даатгалын реформын тухай санал боловсруулахыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд, төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж ирүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус үүрэг болголоо.
Зорилгодоо чиглэсэн тодорхой саналыг оновчтой боловсруулж ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл зөвлөж, мөн тэтгэвэрт гарах дөхөхөөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг огцом өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгодог, хүн амын зарим хэсгийн шимтгэлийг төр хариуцдаг байх зэрэг хуулийн цоорхойг нөхөж засах саналуудаа бэлтгэж ирүүлэх нь зүйтэй гэсэн юм.
Ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл