Сангийн сайд Б.Жавхлан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсонтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ажлын цагаар ирц нь хүрчихсэн Байнгын хороог тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. Нэг хэлсэн шалтгаан нь “ирцэд байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй” гэж байна.
Одоогийн УИХ-ын дэгээр ирцэд орсон ч байхгүй бол санал нь эсрэг гараад явж болдог. Ийм шалтгаанаар хойшлуулж байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байна.
Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хурал давхацсан учраас санал хураалтын үеэр орж ирнэ гэдгээ мэдэгдсэн. Үг хэлэх 10 гишүүний 5 нь хуралдааны үеэр сууж байсан.
Байнгын хорооны хурал даргалж байсан хүн хэт нэг талыг барьж байгаа нь муухай харагдсан.
Баасан гарагт яаж олуулаа ганц хүнийг тал талаас нь боорлож сууж байв. Бид бүхэн Ерөнхий сайдыг ганцааранг нь оруулчхаад суугаад байлтаа биш Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш ч гэсэн хуралд орж ирсэн.
УИХ-ын дээр 108 гишүүний, МАН-ын Бага хурал дээр 67 хувийн санал авч гарч ирсэн Ерөнхий сайдыгаа 100 хоног дээр нь манай намын журмын нөхдийн санаачилгатайгаар огцруулахаар боорлож суугааг харахад маш харамсалтай байлаа.
Төсөв өргөн барьснаас хойш 45 хоног боллоо. Төсөв батлах хугацаа дуусахад гурван долоо хоног үлдлээ.
Өвөл хаяанд ирчихсэн байна. Хэрэв төсөв баталж чадахгүй бол нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөвхөн төрийн албан хаагчдын цалин тавих төдийд л төрийн ажил үргэлжилнэ. Энэ бол маш харамсалтай асуудал ”гэв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл