Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Харин Хятадын тамирчин Нин Жунень хүрэл медаль хүртэж, олимпын медалийн тавцанд анх удаа гарлаа.
Өдгөө 21 настай Ж.Штольц уг зайг 1 минут 06.28 секундэд туулснаар Нидерландын тэшүүрчин Жерард ван Вельде 2002 оны Солт-Лэйкийн олимпын үеэр тогтоосон 1 минут 07.18 секундийн амжилтыг эвджээ. Тэрбээр мөнгөн медаль хүртсэн Нидерландын Женнинг де Бүүгээс 0.5 секундээр түрүүлж барианд орсон байна.
Ж.Штольц сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ медаль бол миний хувьд маш их үнэ цэнтэй. Олимпын аварга болох боломж дөрвөн жилд нэг л удаа олддог учраас би туйлын баяртай байна” хэмээн ярилаа.
Харин БНХАУ-ын тамирчин Нин Жунень 1 минут 07.34 секундэд барианд орсноор хүрэл медаль хүртжээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ удаагийн олимпын наадмаар олон тамирчин дээд амжилтуудыг эвдсээр байна. Би ч мөн хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо” гэв. Түүнийг Нидерландын дагсгалжуулагч Йохан де Вит бэлтгэж дасгалжуулдаг бөгөөд тэрбээр шавийнхаа амжилтаар бахархаж буйгаа илэрхийлсэн байна.
Уралдааны үеэр нэгэн таагүй явдал болсон нь Хятадын тамирчин Лянь Зивэнь замаа солих хэсэгт Нидерландын тэшүүрчин Йоеп Веннемарстай мөргөлджээ. Тэшүүрийн спортын дүрмийн дагуу дотор талын замд яваа тамирчин мөргөлдөхөөс сэргийлэх журамтай тул Лянь Зивэнь тэмцээнээс хасагдсан байна. Харин Веннемарст дахин уралдахыг зөвшөөрснөөр тэрбээр тавдугаар байрт шалгарчээ.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл