Д.Трамп: Европын автомашинд ногдуулсан татварыг 25 хувь болгож өсгөнө

Европын Холбооны гишүүн орнуудаас нийлүүлж буй суудлын автомашин ба ачааны автомашинд ногдуулсан татварын хэмжээг энэ долоо хоногт нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.

Өнгөрсөн баасан гарагт тэрбээр нийгмийн сүлжээнд бичихдээ, татварыг 15 хувиас 25 хувь болгож нэмэгдүүлнэ гэсэн байна. Үүний шалтгаан нь, Вашингтонтой байгуулсан худалдааны хэлэлцээрүүдээ ЕХ мөрдөхгүй байгаа явдал ажээ. Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Япон, Өмнөд Солонгос, Канад, Мексик улсууд бидэнтэй байгуулсан гэрээнийхээ дагуу үйлдвэрүүдээ АНУ-д барьж байгаа бол харин ЕХ барихгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Гэрээ гэдэг нь ЕХ болон дээрх улсуудаас АНУ-д нийлүүлж буй автомашинд 15 хувийн татвар ногдуулах тухай тохиролцоо юм. Уг тохиролцооны дагуу АНУ-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг цуцлах тухай хуулийн төслийг Европын парламент гуравдугаар сард дэмжсэн байна.

Хуулийн төсөлд тусгаснаар, хэрвээ Вашингтон Европын бараанд шинээр татвар ногдуулах аваас Америкийн бараанд ногдуулах татварыг цуцлах шийдвэрийг хүчингүй болгох ажээ.

Америкийн улс төрийн мэдээллийн The Hill сонинд бичсэнээр, Ирантай дайн хийж буй үед, АНУ ба Европын зарим улсын хооронд харилцаа таагүй болсон үед Д.Трамп ийнхүү татварыг өсгөх гэж байна. Тэрбээр Ираны эсрэг дайнд АНУ-д туслаагүй хэмээн НАТО-гийн гишүүн Европын улсуудыг шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.04/ Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн …