Африк тивийн баруун эрэгт Кабо-Верде улсын орчимд саатуулагдсан тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцонд хантавирусний халдвар авсан байж болзошгүй хоёр зорчигчийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Тус хөлөг онгоцон дээр вирусний халдвар авсны улмаас гурван хүн нас барж, олон хүн өвчилсний улмаас хөл хорио тогтоогоод байгаа тухай албаны хүмүүс даваа гарагт мэдээлжээ.
Нидерландын далбаан дор аялдаг “Hondius” хөлөг онгоцонд одоогоор 150 орчим зорчигч байгаа бөгөөд тэднийг бүхээгт нь тусгаарлаад байна. Нас барсан хүмүүсийн хоёр нь Нидерландын иргэн, нөгөө нь ХБНГУ-ын нэг иргэн юм. Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлснээр, дор хаяж нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадаснаас агаарт дэгдсэн жижиг хэсгүүдээр дамжиж, амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчин үүсгэдэг байна. Харин хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор байдаг ажээ.
Уг хөлөг онгоцон дээр халдварын нийт долоон тохиолдол (хоёр нь батлагдсан, тав нь сэжигтэй) бүртгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлээд, уг халдвар олон нийтийн дунд тархах эрсдэл бага тул зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй байхыг зөвлөжээ.
Кабо-Верде улсын эрх баригчид урьдчилан сэргийлэх үүднээс тус хөлөг онгоцыг боомтдоо зогсохыг зөвшөөрөөгүй байна. Хөлөг онгоцны оператор “Oceanwide Expeditions” компани өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд зорчигчдыг Испанийн Канарын арлуудад буулгах хувилбарыг судалж байна.
Хөлөг онгоцон дээрх нөхцөл байдал тодорхойгүй байгаагаас зорчигчдын дунд түгшүүртэй байдал үүсээд байна. Нэгэн америк зорчигч дүрс бичлэгээр хэлэхдээ “Бид зөвхөн мэдээний гарчиг төдий хүмүүс биш, энд нөхцөл байдал хүнд байна” гэсэн байна.
Одоогоор халдварын эх үүсвэр тодорхойгүй байгаа бөгөөд хөлөг онгоцон доторх мэрэгч амьтдаас, эсвэл өмнө нь Өмнөд Америкт зогсох үеэр халдвар тархсан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл