Дампуурлаа зарлаад таван жил болж буй Анод банктай холбоотой маргаан үргэлжилсээр байна. Тус банктай холбоотой асуудлаар “Анод” банкны хохирогчид болон өмгөөлөгч Г.Баяржаргал нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал “Анод” банк дампуурах болсон шалтгаан нь “Монгол банк”, “Санхүүгийн зохицуулах хороо”-ны эрх бүхий дээд албан тушаалтан буюу төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллаагаанаас болж дампуурахад хүрсэн гэж үзэж байгаагаа тайлбарлаж байсан юм.
Тэдний үзэж буйгаар “Анод” банкийг алдагдалд орж, дампуурах болсон нь тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Баярсайханы хууль бус үйлдэлтэй холбоотой гэв. Түүнчлэн “Анхнаасаа хувьцаагаа будилаантай гаргасан.
Үүнээс болоод “Анод” банк 2002 оноос байнга алдагдалтай ажиллахад хүрсэн. Үүнийг хянадаг газар нь Монголбанк. Анхандаа “Анод”-ын хувьцааг гаргахыг тогтоол үйлдэн хүлээн зөвшөөрөөгүй. Банкны хөрөнгө оруулагчид 24 тэрбумаар шатаж, 1945 хувьцаа эзэмшигч хохирсон” гэж байлаа.
Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 100, 122 дугаар тогтоол гэгчийг гаргаж, банк дампуурахад хүргэсэн аж. Өөрөөр хэлбэл, эхний гаргасан 100 дугаар тогтоолдоо “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заажээ.
Удалгүй 122 дугаар тогтоол гаргаж өмнөх 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан ““Анод” банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байна. Энэ байдлыг банк дампууруулсан этгээдүүд овжин ашигласан” гэж үзэж буйгаа хохирогчид хэлж байсан.
Хэрэв энэ асуудал улстөржих хэмжээнд хүрэх аваас хохирогчид нам байгуулахаа ч хурлын төгсгөлд мэдэгдсэн юм.
Эх сурвалж: