“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр бол элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан хөдөө орон нутаг, сум, дүүргийн хүүхдүүдийг дэлхийн шилдэг сургуулиудад элсэн суралцах боломжоор хангадаг алсын хараатай хөтөлбөр юм.
Тэдгээр сургуульд суралцах үндсэн шалгуур бол хэлний мэдлэг байдаг. Тиймээс тэрхүү шалгуур үзүүлэлт болох IELTS шалгалтын оноо авах хүртэл МУИС, ШУТИС-д жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдагсдыг бэлтгэдэг. Манай сургууль “Илгээлт-2100” хөтөлбөрийн IELTS-ийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна. Анхны жилийн оюутнууд маань өвлийн улиралд хичээл нь эхлэн хагас жилийн дотор бэлтгэгдэн, дэлхийн шилдэг сургуулиудад суралцахаар явж байсан нь саяхан мэт санагдавч эхний жилийн төгсөгчид сургуулиа дүүргэж ирээд эх орондоо ажиллаж эхэлжээ.
Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань бүтэн жилийн турш өдөр бүр 7:40-16:00 хүртэл хичээллэдэг. Багш нар маань анги дааж ажилладаг онцлогтой. 34 жилийн турш багшилсан хүний хувьд анги даах нь үнэхээр сайхан санагддаг. Хүүхдүүдтэйгээ илүү сайн ойлголцдог. Тиймээс би 5 дахь жилдээ анги даан аваад байна. МУИС дээр өнгөрөөх энэ нэг жилийн хугацаанд бид оюутнууддаа зөвхөн хэлний шалгалтад нь бэлдэх төдийгүй гадаад оронд очоод суралцахад анхаарах хувь хүний хөгжил, амьдрах ур чадвар, суралцах орныхоо соёлд дасан зохицох, олон соёлтой хэрхэн зэрэгцэн оршиж, хөгжин суралцах талаар зааж сургахыг хичээдэг.
Оюутнууд өвлийн болон зуны амралтаараа эх орондоо ирнэ ээ. Халуун дотно яриа өрнүүлнэ. Өнгөрсөн ганц хоёрхон жилийн дотор хүүхдүүд минь хэчнээн их ухаан сууж, дэлхийн шилдэг залуустай дөрөө шүргүүлэн явааг нь сонсохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
Тэртээх 1926 онд Монголоос анхны 35 оюутан Европын сургуулиудад суралцахаар сүйх тэрэг хөлөглөн зорьж байсан тэрхүү жим тавигдсанаас хойш олон мянган залуус эрдмийг өвөрлөхөөр алсыг зорих болсон нь гайхамшиг гэлтэй.
PhD. Лхагвасүрэнгийн Үүлэнсолонго
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл