Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд мэдээлжээ. Эдгээр ордод стратегийн чухал эрдсүүдийг илүү хямд өртгөөр, илүү хялбар аргаар, байгаль орчныг ихээр бохирдуулахгүйгээр олборлох боломжтой.
Хятад улсын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн болон Хэйлунжан мужийн Геологи, эрдсийн товчооны мэргэжилтнүүд хамтран Хэйлунжан, Жилин мужуудад дээрх ордуудыг нээн илрүүлсэн байна.
Ингэснээр цахилгаан автомашин, хэт дамжуулагч, лазерын систем ба батлан хамгаалахын технологид өргөн ашиглагддаг чухал эрдсүүдийн дэлхийн зах зээл дэх Хятадын байр суурийг улам бэхжүүлнэ. Ховор элементүүдийн нийлүүлэлтийн асуудлаар АНУ, БНХАУ-ын хооронд хэлэлцээ хийж буй энэ үед шинэ ордуудыг нээсэн тухай мэдээ цацагдлаа.
Эдгээр орд нь хөлдөлт ба гэсэлтийн олон удаагийн мөчлөгийн явцад урт хугацаанд бий болсон гэж эрдэмтэд үзэж байна. Үүгээрээ өмнөд нутгийн ордуудаас ялгаатай. Тодруулбал, өмнөд нутгийн Зянси, Хунан, Фүжян, Гуандун, Гуанши мужууд дахь ордууд нь шаварлаг хөрстэй тул газрын ховор металлуудыг ялгаж авахын тулд химийн уусгалтын аргыг ашигладаг. Энэ арга нь өртөг өндөртэй, үр ашиг багатай, байгаль орчинд аюултай юм. Түүнээс гадна, ийм технологийг хэрэглэхэд газрын ховор элементүүдийн 25 хүртэлх нь хувь хаягддаг ажээ. Харин хойд нутгийн ордуудад эл аргыг хэрэглэх шаардлагагүй тул олборлолт нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд учруулах хөнөөл нь бага юм.
Өнөөдөр Хятад улс дэлхий дээрх газрын ховор металлуудыг боловсруулах хүчин чадлын 90 орчим хувь, олборлолтын хүчин чадлын 60 гаруй хувийг дангаараа хянаж байна.
Газрын ховор элементүүд нь байгаль дээр дангаараа цэврээр байдаггүй бөгөөд силикатын, ислийн, карбонатын эсвэл фосфатын эрдсүүдийн найрлагад багтдаг. Харин хойд нутгаас олдсон ордуудын элементүүд нь монацит, ксенотим зэрэг эрдсүүдийн найрлагад багтдаг тул элементүүдийг ялган авах процесс илт хөнгөвчлөгдөнө.
Ялангуяа эдгээр ордод хүнд газрын ховор элементүүд байгаа бөгөөд эдгээр нь ховор, зэвсгийн үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэлд хэрэглэгддэг тул онцгой үнэ цэнэтэй юм. Хүнд газрын ховор элементүүдийн гол нөөц Хятадын өмнөд нутагт байдаг гэж үздэг байсан бол шинэ ордуудыг нээснээр энэ ойлголт өөрчлөгдлөө.
Хойд нутгийн хуваагдмал хэлбэрийн ордууд нь өмнөд Хятад дахь ионы шингээлтийн ордуудтай харьцуулахад газрын ховор элементүүдийн агууламжаар илүү байдгийг судлаачид онцолж байна. Жилин мужаас авсан зарим дээжийг шинжлэхэд Хэйлунжан мужаас авсан дээжнээс хүнд газрын ховор элементүүдийн агууламжийн хувьд илүү байжээ.
Энэхүү нээлт нь газрын ховор элементүүдийн тархалтын талаарх өмнөх ойлголтыг өөрчилж, хуваагдмал хэлбэрийн ордуудын стратегийн ач холбогдлыг тодотгож байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл