Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын журмаар тэтгэлэг олгохоор зарлалаа.

Тус тэтгэлэгт бакалаврын түвшинд тав, магистрын түвшинд гурав, докторын түвшинд хоёр иргэн хамрагдах боломжтой бөгөөд бакалавр, магистрын сургалт румын хэлээр явагдах юм. Харин докторын сургалтыг англи болон франц хэлээр судлах боломжтой. Румын хэлээр суралцах хүсэлтэй тохиолдолд нэг жилийн хэлний бэлтгэлд хамруулна.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжаас бүрэн чөлөөлөгдөхийн зэрэгцээ оюутны байраар хангагдаж, сар бүр 925 румын лейн тэтгэмж авах юм. Мөн бакалавр, магистрын түвшний суралцагчид румын хэлний нэг жилийн бэлтгэлд хамрагдана.

Өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн байх, өмнө нь Румын Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаагүй, тухайн түвшний өмнөх боловсролын зэргийг эзэмшсэн байх шаардлагатай. Түүнчлэн эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах хүсэлтэй иргэдэд давуу тал олгох юм.

Материал хүлээн авах хугацаа 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өргөдлийг scholarship.esis.edu.mn  цахим хуудсаар дамжуулан бүртгэнэ. Өргөдөл гаргагчид шаардлагатай баримт бичгүүдийг PDF хэлбэрээр хавсаргах ба бүх материалыг монгол хэл дээр бүрдүүлж, англи, франц эсвэл румын хэлний баталгаат орчуулгыг хамт илгээх шаардлагатай ажээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД ТЭГШ ХАМРАН СУРГАХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОНД ТУРШЛАГА СУДЛАХААР ТУС УЛСЫГ ЗОРИЛОО

​Баянгол дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг …