“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал эхэллээ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн бөгөөд үүнд дэд бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европ тивийн улс орны төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна. Энэ удаагийн хуралд 30 орчим улс, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаач зэрэг дотоод гадаадын нийт 300-гаад төлөөлөгч оролцож буй юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Өнөө цагт дэлхий нийтийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Тэгэхээр олон улсын дэг журмын шилжилтийн үед энэхүү хурал болж байгаагаараа онцлог. Энэ жилээс оролцогчдын тоо нэмэгдэж, төлөөллүүдийн түвшин ахисан байна. Энэ удаагийн бага хурлаар хиймэл оюуны салбарыг онцолж байгаа. Энэ нь нэг талаараа сорилт хэдий ч нөгөө талаараа боломж юм. Өөрөөр хэлбэл, оролцогчид аюулгүй байдлын салбарт хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа туршлагаасаа солилцох, судалгааны бүтээлүүдээ танилцуулах болно. Энэ тал дээр бидэнд санаа авах, туршлага судлах боломж гарч ирж байна. Учир нь манай улсын хувьд цахимын зохицуулалт нэлээн дутмаг байгаа.

Үүний зэрэгцээ ногоон эрчим хүчний шилжилтийг хөндөж, гол сэдвээ болгосон. Эрчим хүчний хомсдол бол дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтын нэг. Манай улс байгалийн нөөц ихтэй, ногоон эрчим хүчинд шилжихэд хялбар юм шиг боловч бүс нутгийн санаачилгуудад нэгдэх ёстой. Тэр утгаараа БНХАУ болон Төв Азийн эрчим хүчний ногоон коридорт нэгдэх сонирхолтой байгаа. Энэ утгаараа судлаачидтай харилцах, туршлага судлах, нэгдэж ажиллах сонирхолтой байна. Өөр нэг зүйл бол энэхүү бага хурлыг анх зохион байгуулж байхад зөвхөн бүс нутгийн орнууд оролцдог байсан бол өдгөө Ази, Европ, Америкаас Улаанбаатар яриа хэлэлцээнд оролцож байгаа нь бага хурлын төдийгүй манай улсын гадаад бодлогын дэвшил гэж үзэж болно” гэлээ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг Монгол Улс энхийн замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс анх 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү санаачилгыг дэвшүүлж, улмаар 2014 оноос тус бага хурлыг зохион байгуулах болсон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч сая нээлтийн үгэнд хэлэхдээ, “Зүүн хойд Азийн бүс нутаг бол их эмзэг бөгөөд чухал стратегийн бүс нутаг. Тус бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг ярилцдаг олон улсын ийм тавцан дутагдаж байсныг Монгол Улс ажиглаад, сүүлийн 11 жилийн хугацаанд уг бага хурлыг тасралтгүй зохион байгуулж байгаа нь Азийн аюулгүй байдалд жижиг гэлтгүй улс орнууд хувь нэмрээ оруулж болдог гэдгийг харуулж байна” хэмээн үнэллээ.

Тэгэхээр бага хурлын хөтөлбөрт туссан сэдвийн хүрээнд хуралдаад зогсохгүй, улс орнууд хоёр талын уулзалт хийж, тулгамдаж буй асуудлуудаа нүүр тулж ярилцах боломжийг олгодгоороо давуу тал болдог. Энэ жилийн хувьд бүс нутгийн дөрвөн улсын төлөөлөл ирсэн байна. Харамсалтай нь, БНАСАУ төлөөллөө оролцуулсангүй. Харин бүс бүсээс төлөөлөл ирсэн байгаа нь бага хурлын ач холбогдлыг өргөж байна” хэмээв.

БНСУ-ын Нэгдлийн сайд Жонг Дунг Ён, “Зүүн хойд Ази нь эдийн засгийн хувьд ч, иргэд хоорондын хувьд ч маш нягт харилцаатай бүс нутаг. Гэсэн хэдий ч улс төр болон аюулгүй байдал талдаа байнгын зөрчилтэй явж ирсэн. Тиймээс бүс нутагт энх тайвныг тогтоох асуудлыг систем болгож хөгжүүлж чадаагүй байна. Энэ нь манай бүс нутгийн хамгийн том дутагдалтай тал юм уу гэж харж байна. Иймд Монгол Улс энхийг тогтоох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж байна.

Манай улсын шинэ засаг захиргаанаас “Солонгосын хойгт энхийн замаар зэрэгцсэн оршино” гэсэн бодлогыг баримталж буй. Өөрөөр хэлбэл, манай засаг захиргаа ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой дайсагнасан үйлдэл хийхгүй, уусган нэгтгэх бодлого баримтлахгүй. Тогтолцоог нь хүндэтгэх зарчмыг баримталж буй” хэмээв.

Хоёр өдөр үргэлжлэх уг бага хурлаар таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, энхтайвныг цогцлоох боломж”, “Урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын арга зам”, “Аюулгүй байдлын шинэ сорилтууд, хиймэл оюун”, “Зүүн хойд ба Төв Азийн холболт”, “Зүүн хойд ба Төв Азийг холбох ногоон эрчим хүчний коридор” сэдвээр тус тус хуралдана.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

​Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.04/ хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, хоёр асуудал …