Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.29/ гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг хүлээн авч уулзан, онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буйгаа танилцуулж, онцгой байдлын салбарын техник, технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг онцлов.
Тэрбээр, Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын санаачилгаар Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн (INSARAG) стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг тусган хэрэгжүүлж байгаа гэлээ.
“INSARAG”-ийн Гадаад ангилал (IEC)-д бэлтгэх хүрээнд хэрэгжиж буй зөвлөх үйлчилгээ нь зөвхөн сургалт зохион байгуулахаар хязгаарлагдахгүй, үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлэх, багийн бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны бэлэн байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг онцолж, хамтран ажиллаж буй зөвлөх багт талархал илэрхийллээ.

Олон улсын зөвлөх Винстон Чанг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хөгжлийг өндрөөр үнэлж, INSARAG-ийн шаардлага хангасан үндэсний эрэн хайх, аврах багтай болох нь гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Талууд цаашид Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, INSARAG-ийн олон улсын ангилалд амжилттай бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл