Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар мэтгэлцэх Улсын Их Хурлын асуулгын цагийг тогтмол зохион байгуулж ажилладаг.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, Улсын Их Хурлын даргад ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүдийн асуултыг нэгтгэн Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст тухай бүр байршуулсан байна.
Асуулгын цагт Ерөнхий сайд биечлэн оролцох хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь парламентын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж асуулт асууж, хариулт авах хэлбэрээр парламентын ардчилалыг нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөн бий болох тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Энэ утгаараа Улсын Их Хурлын асуулгын цаг нь цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны хоёрны нэг хүртэлх хугацааг тухайн бүлгийн дарга, эсхүл бүлгээс томилогдсон гишүүний цуварсан асуултаар эхлүүлж мэтгэлцэх зарчмаар зохион байгуулдаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл