Өдрийн сонины сэтгүүлчийн мэдээлсэнээр: Талийгаач Б.Энхтуяагийн амиа алдсаны дараа хэргийн газраас эд мөрийн баримт болгон авсан гэрэл зургийг харах боломж тохиосон юм. Нэгэнт талийгаачийн үхэл юунаас болов, яагаад амиа алдав гэдэг шалтгааныг сурвалжлахаар явсан сэтгүүлчийн хувьд тэр зураг дээр юу харагдсаныг дүрслэн хэлье.
Магадгүй энэ нь цаашид манай зарим холбогдох байгууллагуудад мэргэжлийн зүгээс анализ хийх боломж, сэжүүрийг өгч мэдэх юм. Тэрбээр амиа алдахаасаа өмнө ягаан өнгийн урт фудволк, цэнхэр богино шорттой байсан гэнэ. Зурган дээрээс харвал Авто засварын газрын цэнхэр өнгийн таазны төмрөөс ягаан цэнхэр өнгийн уяа талийгаачийн хоолойгоор уягдсан байв.
Тэрбээр цементэн шалан дээр өвдгөн дээрээ сөхөрч суусан байх бөгөөд хоёр гар нь нэлэнхүйдээ сийчүүлж цус урссан харагдана. Сийчсэн нь хутгаар зүссэн болов уу гэмээр том, том гүн аж. Ягаан өнгийн урт фудволктай, гуя нь нүцгэн харагдах бөгөөд гуяны дотор тал улаан эрээн болжээ. Хоёр хөлнийх нь хооронд цус урсаж тунасан байв. Таазнаас талийгаачийн хоолой хүрсэн уяа түүнийг дүүжлүүлж үхээгүйг илтгэж буй мэт сул унжсан харагдсан нь анхаарал татна. Уяаг ажвал сунадаг гэж хэлэхээргүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр тэр цус хоёр гарынх нь зүсэлтийн шархнаас гарсан гэдэг тайлбарыг өгөв. Гэхдээ бүсгүйг боомилсон бол цогцос шалан дээр өвдөглөж, уяа нь таазны төмрөөс толгой хүртэл нь сул унжсан урт харагдах уу гэдэг нь хачирхалтай.
Чухам мэргэжлийн хүмүүс юу гэж дүгнэхийг мэдэхгүй юм. Тус улсын цагдаагийнхан “боомилсон байдалтай олдсон” гэж манай холбогдох газрынханд хэлсэн байдаг. Харин тус улсын цагдаагийнхан үүнийг юу гэж манай холбогдох байгууллагуудад тайлбарлахыг тааж хэлэхийн аргагүй. Хэргийн газраас хайч, хутга олдсон гэж эх сурвалж өгүүлж буй юм.
Дашрамд дурьдахад, Малайзын цагдаагийнхан талийгаачийн цус, үс хумснаас дээж авч шинжилгээнд өгсөн бөгөөд хариу нь гурван сарын дотор гарах юм байна. Шинжилгээний хариу гарсны дараа хэргийг хэрхэхээ цагдаагийнхан шийдэх ба талийгаач Э-г өөрийгөө боомилсон гэж үзвэл энэ хэргийг хаах аж. Харин гадны нөлөөтэй гэж үзвэл мөрдөлт хийж эхлэх юм байна. Одоогоор энэ хэрэгт хэнийг ч сэжиглэн шалгаагүй байгаа гэнэ.