Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон дараагийн асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Засгийн газраас энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулжээ.
Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Н.Наранбаатар гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Ажлын хэсгийн гишүүд тодорхой салбар, чиглэлийг хуваан хариуцаж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн тодотголд тусгагдсан төсвийн төслийн тооцооллыг судалж, дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.
Дээрх ажлын хэсгээс Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах бүрэн эрхтэй байх тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд”-ийг нэрлэн заасан зохицуулалт буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэснийг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан үнэт цаасыг анхдагч зах зээлийн үе шатыг дамжуулахгүйгээр шууд хоёрдогч зах зээлд арилжаалах эрх олгох зохицуулалт нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан анхдагч болон хоёрдогч зах зээлийн ойлголт, тэдгээрийн дараалал, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зөвшөөрлийн тогтолцоотой зөрчилдөх нөхцөл байдал үүсгэх бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах, зах зээлийн оролцогчдод ижил, тэгш түвшний шаардлага тавих, хяналт, хариуцлагын зарчмыг сулруулах эрсдэлтэй тул төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн болохыг Б.Мөнхсоёл гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд туссан “Засгийн газрын эзэмшлийн үндэсний хөрөнгө оруулалтын сан”-гийн эрх зүйн статус, түүнийг байгуулах болон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрх зүйн үндэслэл, хувьцаа шилжүүлсний дараах өмчлөл, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх субьект, хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ зэрэг асуудал нь тодорхойгүй байх тул эдгээр харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзэн төслийг хууль санаачлагчид буцаах саналыг мөн гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд цэргийн алба хаасны суурь тэтгэвэр, тэтгэмж олгох хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслүүдийг, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж нийгмийн баталгааг хангах хүрээнд ахмад настнуудын суурь тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж олгох хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслүүдийг, Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, зах зээлийн үнэлгээг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр болон ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, О.Саранчулуун, Л.Энхнасан, Ц.Мөнхтуяа, Б.Жаргалан нар төсвийн сахилга, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн өмчит компаниудын орлого, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, нийгмийн салбарын санхүүжилтийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав.
Үндэсний баялгийн сангийн хүрээнд Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлага, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх болон удирдах тогтолцоог ил тод, хяналттай байлгах шаардлагатайг гишүүд онцолж, төсвийн тодотголтой шууд холбоогүй хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулан өргөн мэдүүлдэг хэмээн шүүмжилсэн. Улмаар зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн төрийн өмчит компаниуд уул уурхайн бүтээгдэхүүнээ хуульд заасан шаардлагын дагуу биржээр арилжаалж байгаа эсэх асуудлыг хөндөв. Төрийн өмчит компаниудын нүүрс, зэсийн тодорхой хэсэг биржээс гадуур борлуулагдаж байгаа нь өмнө байгуулсан урт хугацааны гэрээнүүдтэй холбоотой бөгөөд эдгээр гэрээг дууссаны дараа биржийн арилжаанд бүрэн шилжүүлэх чиглэл баримталж байгааг ажлын хэсгээс тайлбарлалаа. Багш, эмч нарын цалин, орон сууц, Боловсролын зээлийн сан болон зорилтот бүлэгт чиглэсэн төсвийн санхүүжилтийг асуудлыг хэлэлцүүлгийн явцад гишүүд хөндөж, төсвийн зардлыг эдийн засаг, нийгэмд бий болгох бодит үр дүнгээр үнэлдэг байх саналыг гишүүд гаргаж байв. Төсвийн төлөвлөлтийг анхаарах, төсвийн сахилга, Засгийн газрын хариуцлага, хууль хэрэгжилтэд Улсын Их Хурлаас тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 20.00 цагт явуулсан.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл