Нийслэлийн аварга үсчин, гоо засалчид шалгарлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын “Улаанбаатар 2013” нээлттэй тэмцээнийг 2013 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Монгол улсаа төлөөлж тив, дэлхийн тэмцээнд оролцох үндэсний багийг бүрдүүлэх, улмаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудын календарчилсан төлөвлөгөөнд ойрын хугацаанд орох зорилго тавьж, үүнийгээ амжилттай биелүүлсэн гэж тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг дүгнэлээ.  Энэ удаагийн тэмцээнд нийт 14 төрлөөр 84 үсчин, гоо засалч өрсөлдлөө. Дэлхийн үсчин гоо засалчдын холбооны дүрмийн дагуу Монголд анх удаа шалгаруулалт явуулж тэнцсэн мэргэжлийн багийн 20 шүүгч ажиллалаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэмцээнийг нээж “Нийслэлийн иргэдийн соёл, гоо зүйн хүмүүжлийн төлөвшилд үсчин гоо сайханчид их хувь нэмэр оруулдаг. Энэхүү тэмцээн нь нийслэл хотод, үс гоо заслын  үйлчилгээг олон улсын түвшинд хөгжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үсний тайралт, самналт, нүүр будалт, хумс засалтын орчин үеийн шинэ дэвшилтэт технологиос харилцан суралцах, туршлага солилцох ач холбогдолтой тул Захирагчийн ажлын алба дэмжин хамтран зохион байгуулж байна” гэж онцолсон юм. Нийслэлийн аварга үсчнээр тодорсон Д.Урьдбаяр, Ц.Батбилэг, гоо засалч М.Сонинцэцэг нарт шагнал гардуулж амжилт ерөөлөө. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Эрхүү хотын баг ирж оролцсон нь нийслэлийн аварга үсчин гоо засалч шалгаруулах тэмцээн нь олон улсын чанартай болж цар хүрээ нь өргөжиж байгааг харууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …