Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд үе үеийн ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзан, улс эх орны өнөөгийн байдал болоод цаашид хэрхвэл зохих талаар санал бодлоо солилцжээ.
Тус уулзалтад ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, М.Энхсайхан нар ирсэн бол С.Баяр, Сү.Батболд нар гадаадад, Р.Амаржаргал эмнэлэгт хэвтсэн, Д.Бямбасүрэн нар уулзалтад ирэх боломжгүй болохоо мэдэгдсэн байна.
Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд “нэг сар гаруйн өмнө хийсэн Төсвийн тодотгол хийсэн арванэгдүгээр сарын 30-ны байдлаар төсвийн орлого 80 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан. Жилийн эцсээр 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна. Зардлын хувьд 900 орчим тэрбум төгрөгийн зардлыг хийж чадахгүй, хүлээлтийн байдалтай байна. Хүний хөгжил сангийн орлогын биелэлт 60 орчим тэрбум төгрөгөөр дутах төлөвтэй байна. ДНБ нь үйлдвэрлэл 12 хувь орчим байх бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал буурсан. Мөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээг зогсонги байдалд хүрсэн. Сүүлийн таван жилийн байдлаар хөрөнгө оруулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтын биелэлт 80-90 орчим хувь байсан бол энэ жил 58 хувьтай байна. Үүнээс гадны банкны өр зээлийн хэмжээ буурсан, үүн дотор найдваргүй зээл 530 тэрбум төгрөг бөгөөд өнгөрсөн оноос 90 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үнийн нэмэгдэл ард түмний нуруун дээр ачаа болж байна. Тухайлбал, хүсний бүтээгдэхүүний үнэ 11-30 хувиар, аж үйлдвэр, өргөн хэрэглээний барааны үнэ 15 хувиар, эрчим хүч дулааны үнэ 11 хувиар тус тус нэмэгдсэн байхад цалин, тэтгэвэрийн хэмжээ огт нэмэгдээгүй байна” гэдгийг мэдэгдээд цаашид ч энэ мэт эдийн засгийн таагүй байдлыг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцож байхаа илэрхийллээ.