Оросын техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, кибернетикч Виталий Правдивцев толины нууцлаг шинж чанарыг судлан “Бид толинд даалгавар өгдөг, харин толь эргээд биднийг даалгадаг” гэсэн дүгнэлт хийжээ.Толь биднийг өөрийн хөдөлшгүй хоёрдмол шинж чанараараа гайхшруулдаг. Нэг талаас толь бол материаллаг зүйл юм. Нөгөө талаас мэдрэхүйд танигдашгүй шинж чанарыг агуулдаг. Тольтой холбоотой үлгэр мэт үзэгдлүүдийн тухай олон баримтууд өнө эртнээс өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. Толь гэгч ертөнцөд чухам юу болдог бол?
Энэ талаар Виталий Правдивцев 3 таамаглал дэвшүүлсэн байна.
1. Хүнийг ухамсрын өөрчлөгдсөн төлөв байдалд оруулдаг зэвсэмж
2. Ертөнцийн нарийн нандины дүр төрхийг олж харахад туслагч оптик багаж хэрэгсэл.
3. Хүний ухамсарт бий болох дүрс үзэгдлийг бусад хүмүүст хүргэх арга хэрэгсэл
Бид толь хагарах, хагархай толинд нүүрээ тольдохыг цээрлэдэг. Зарим хүмүүс толь муу бүхнийг өөртөө шингээдэг хэмээн үздэг учраас бусдын толийг гэртээ тавихаас дургүйцдэг. Мөн унтахдаа ихэнх хүмүүс толиныхоо нүүрийг юмаар бүтээж, муу бүхнээс зайлсхийж байна гэлцдэг. Гэхдээ бид тольгүйгээр үнэндээ амьдарч чадахгүй. Толь бидний амьдралын салшгүй хэрэгцээ юм.
Толь үйл явдлыг цээжилдэг
Виталий Леонидович нэгэн танилтайгаа учирсан сонин тохиолдлыг жишээ болгон ярьжээ. Түүний танил эртний эдлэлд нугасгүй дуртай нэгэн байв. Тиймдээ ч тэрбээр гэр орноо тэр чигээр нь хуучны тавилга, гоёл чимэглэлийн зүйл, зургаар дүүргэжээ. Виталий Леонидович хуучны танилтайгаа олон сарын турш уулзалдсангүй. Нэгэн удаа танил нь утас цохиж эхнэрийнхээ хамт түүнтэй яаралтай уулзахыг хүсчээ. Танил нь нэг л доожоо муутай, харц нь ямар ч цоггүй болчихож. Эхнэр ч мөн адил. Нэг л өнгөгүй болчихсон байж. Тэдний хувьд шөнө гэдэг там болж хувирсныг Виталий Леонидовичид ярилаа. Хоёулаа хар дарж зүүдлэн унтаж ч чадахаа байсан аж. Хачирхалтай нь эхнэр, нөхрийн хоёулангийнх зүүд бараг төстэй.
Хоёулаа их галд шатаж байгаа мэт нэг л жигтэй үйл явдал хосуудыг хэдэн сарын турш мөшгижээ. Гэтэл явж явж тэдний хачин жигтэй зүүдний учир тайлагдав. Гэр бүлийн хоёр Питерт сарын өмнө аялж явахдаа нэгэн настнаас чамин хийцтэй толь худалдан авчээ. Эртний эд зүйлд мөнгө харамладаггүй хосууд Москвад ирэнгүүтээ унтлагын өрөөнийхөө хананд нөгөө толио дүүжилж орхижээ. Толь тэдний хаалгыг алхаж орсон тэр үеэс л хар дарсан аймшигт зүүд эхэлсэн байна. Виталий Леонидович толийг өөр өрөөнд тавихыг тэдэнд санал болгожээ. Өөр өрөө рүү оров уу үгүй юу тэдэнд аймшигт зүүд зүүдлэгдэхээ больсон гэнэ. Удалгүй тэд Питерийг зорьж настныд очин тольтой холбоотой чухам ямар үйл явдал болсныг лавлажээ. Бүслэлтийн үеэр эл хижээл эмэгтэйн бага хүү нь өөр рүүгээ өөхөн дэн унагааснаас болж үнс болтлоо шатжээ.
Түүний амийг аварч чадаагүй аж. Энэ эмгэнэлт явдал нөгөө гэр бүлд зарсан толь байсан өрөөнд болжээ. Тэгэхээр толь өөрийнхөө “нүдэн” дээр болсон үйл явдлыг “цээжлэх” чадвартай ажгуу. Ялангуяа толь эзнийхээ үйлдэл бүрийн “ул мөр”-ийг тээж явдаг бөгөөд тухайн хүний мэдээллийг бусдад дамжуулдаг ажээ. Гэхдээ энэ нь материаллаг бус. Дунд сургуульд сурч байх үеийн физикийн хичээл дээр хийдэг туршилтыг саная. Цаасан дээр төмөр үртэс тавиад дороос нь соронзон түлхэхэд тэдгээр үртэс тушаал авсан мэт хөдөлдөг шүү дээ. Соронзонг цааснаас холдуулахад үртэс ч хөдөлгөөнгүй болдог. Тэгэхээр яг үүн шиг бидний бодол санаа, мэдрэмжээс шалтгаалахгүйгээр толинд ч бас ийм үзэгдэл явагддаг. Зарим эрдэмтдийн үздэгчлэн хүн бүхэнд байдаг “сэтгэл зүйн туяа”-ны нөлөөгөөр орчлон ертөнцийн хаа нэгтээ бидний давтагдашгүй бодол санаа, эмоцийн “ул мөр”-ийг шингээдэг зүйл оршдог юм болов уу? Харин энэ “ул мөр” хүний хэрэглэдэг эд зүйл дээр үлддэг ч байж болох юм.
Толинд удаан харвал амархан хөгшрөх үү?
Охид, бүсгүйчүүд толины өмнө удаан эргэлдэж, үс зүсээ янзалдаг. Энэ нь хортой юу? Нью-Йоркийн их сургуулийн хэсэг эрдэмтэд хэт мэдрэг соронзон долгионы детекторын тусламжтайгаар 15 жилийн турш толь хүнд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Толины өмнө олон цаг нөхцөөдөг болон толь руу удаан гэгч нь ширтдэг хүмүүст ядрах, ой санамж муудах мэдрэмж төрж эхэлдэг байна. Туршилтаар толь нь хүний эрч хүчийг яг л вампир шиг сордог болохыг тогтоожээ.
Эрч хүчийг тань булаан авах үйл явцад ердөө гурван минут байхад л хангалттай. Хэрвээ та гурван минут л толины өмнө эргэлдэж үс зүсээ тольдвол эрч хүчээ алдаж байна гэсэн үг шүү. Гэхдээ энэ хамгийн муу мэдээ биш. Байнга тольдвол амархан хөгширдөг гэнэ. Хөгшрөлтийг түргэсгэж буй энэхүү үр нөлөөг орчин үеийн био эрчим хүчний байр сууринаас тайлбарлаж болно. Тиймээс толинд харах болгондоо эрч хүчээ алдаж, нүүрэндээ үрчлээ нэмэгдүүлэхгүйн тулд толины ийм сөрөг үйлчлэлийг саармагжуулах “хамгаалалтын бүрхүүл”-ийг хийх нь оновчтой гэнэ. Их тольдох нь биднийг хөгшрүүлдэг бол толиор дамжуулж залуужуулж болно гэсэн шуугиант мэдэгдлийг Правдивцев хийсэн юм. Мөнгөн усны металл бүхий толины тунгалаг гадаргууг жирийн шилээр биш жишээлбэл, болроор бүрж болно. Өдөр бүхэн ийм толины өмнө хагас цаг суухад л үрчлээ алга болох ид шидтэй гэнэ.
Гурав хүртэлх насны хүүхдийг толь руу харуулах хэрэггүй. Өсөлт нь зогсож, ээрүү болохоос гадна сүүн шүд цухуйх явцад саад учруулдаг гэлцдэг. Унтаж байхдаа толь руу биеэ харуулах хэрэггүй. Хэрвээ энэ зөвлөгөөг хүлээж авахгүй бол эрч хүчээ алдаж байна гэсэн үг шүү. Орныхоо ойролцоо толио байрлуулах нь тохиромжгүй. Гэртээ бэл бэнчинтэй элэнц хуланцаасаа үлдсэн хуучин толийг хадгалах гэж бүү оролдоорой. Хэрвээ Та орон гэртээ ийм толь үлдээвэл зүүд нойронд чинь хэн нэгэн тайван амгалан байлгахгүй. Хэрвээ таныг шинэ толь худалдан авсны болон хуучин толь бэлгэнд авсны дараа зүүд нойронд чинь үл таних дүрс, тайлбарлаж үл болом аймшиг байнга илрээд байвал толь шинэ эзнийхээ бүхий л зүйлийг шингээж авч байгаа гэсэн үг. Та өвчтэй, бие муу байвал толинд харах гэж тэмүүлэх хэрэггүй. Шаардлагатай бол тун ховор харахыг зөвлөе. Ямар ч тохиолдолд толины өмнө өөрийгөө гомдсон мэтээр бүү зэмлээрэй.
Толь бүхнийг “тэмдэглэж” авдаг гэнэ. Харин толь руу харах бүртээ инээмсэглэж байвал илүүдэхгүй. Толины өмнө эргэлдэх бүртээ инээмсэглэл дүүрэн царай харуулахаас гадна өөртөө амжилт хүсч бай. Толины өмнө эрч хүчтэй харагдах нь эргээд танд стресс, сэтгэл гутрал, амжилтгүй бүхнийг даван туулахад туслах болно. Тэгэхээр хамгийн эхэнд дурдсан шиг бид толинд даалгавар өгдөг, харин толь эргээд бидний тусгалыг буцаадаг ч байж болох юм. Өөрөөр хэлбэл, та тольтой хэрхэн харьцана, толины “нүдэн” дээр юу хийнэ, толь эргээд таны өгснийг буцаана гэсэн үг.