Оюу толгойн гүний уурхайг зун гэхэд ашиглалтад оруулна

Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

“Оюу Толгой” ХХК өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, зэсийн баяжмалын экспортын анхны тээвэрлэлтийг энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр эхлүүлсэн. Өнгөрсөн таван сарын хугацаанд 250 мянган тонн зэсийн баяжмал олборлож, Хятадын Ганц модны боомтын агуулахад 70 мянган тн-ыг нь хүргэснээс хайлуулах үйлдвэрүүд 20 шахам мянган тонныг нь татаж аваад байна. Ажиллах хүчин, татвар төлөлт, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах гэх мэт бусад үүрэг хариуцлагаа Оюу Толгой компани гэрээний дагуу бүрэн биелүүлэн ажиллаж байна гэж “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд танилцууллаа.

Энэ сард болсон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг баталсан байна. Төслийн хөрөнгө оруулалт ирэх онд 1,2 тэрбум ам.доллар, борлуулалтын орлого 2,6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөжээ. “2014 онд 690 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ, энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээс 200 гаруй мянган тонноор давсан дүн юм. Энэ утгаараа Оюу Толгой ХХК Монголын хамгийн том аж ахуйн нэгж болж, эдийн засгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний хувь нэмэр оруулна” гэж тэрбээр нэмж хэллээ. Оюутолгойгоос олборлох 690 мянган тонн баяжмал дотор 175 мянган тонн зэс, 23 тонн алт агуулагдана.

Харьцуулсан үзүүлэлт 2013 оны гүйцэтгэл (12-р сарын эхний хагасын байдлаар)
Баяжуулсан баяжмал, мян.тн Тээвэрлэсэн баяжмал, мян.тн Борлуулсан баяжмал, мян.тн
Оюу Толгой 252.2 70.17 16.9
Эрдэнэт 530 530 530

Оюутолгой төслийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх яриа хэлэлцээ өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш үргэлжилж, хуримтлагдсан 30 гаруй асуудлаас 21-ийг нь шийдвэрлэж, хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрчээ. Одоо үргэлжилж буй яриа хэлэлцээгээр далд уурхайг ашиглалтад оруулахад Монголын Засгийн газар ба хөрөнгө оруулагчдын хамтран ажиллах нөхцөлийг хэлэлцэж байгаа юм. Ирэх оны хоёрдугаар улиралд багтаан гүний уурхайн ТЭЗҮ-г шинэчилж батлаад, зун гэхэд ашиглалтад оруулах ажээ.

Энэ мэдээллийн дараа Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хандан нэгэн чухал мэдээлэл өглөө. “Чингис” бондоос үлдсэн бүх мөнгийг үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. 234 сая ам.доллар буюу 360 орчим тэрбум төгрөгийг Монголын экспортыг нэмж, импорт орлох үйлдвэрлэлийн шилдэг төслүүдэд санхүүжилт болгож өгнө. Бидэнд төслөө ирүүлээрэй, төслүүдийг 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүлээж авна гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …