Булган дээл, малгайгаар гоёсон 60 гаруй насны эмэгтэй, 20 гаруй насны охинтой сугадалцан, 40-өөд насны нэг эмэгтэй хажууд нь дагаж, охин нь худалдагчийн анхаарлыг сарниулж, эмээ шилэн лангуун дотроос зөөврийн компьютер хулгайлж байгаа бичлэгийг уншигчид үзсэн байх. Энэ бичлэг дээрх хүн бол Сонгинохайрхан дүүргийн харьяат 63 настай П, зээ охин 22 настай Х-гийн хамт явж байгаад гэмт хэрэгт холбогдсон дүрс.Тэд 2013 нэгдүгээр сарын 25-нд “IT World” компьютер худалдааны төвийн В-14 лангуунаас 1.4 сая төгрөгийн үнэтэй “Леново” маркийн нөүтбүүк хулгайлж байгаад ийн илчлэгдсэн.
Тэгвэл эмээ, зээ охин хоёр өмнө нь ч ийм төрлийн арга мэхээр хулгай хийж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, 2011 оны нэгдүгээр сард Улсын их дэлгүүрийн үслэг эдлэлийн тасгаас булган дээл хулгайлж байжээ. Гэхдээ энэ мэт хэргийг эмээ зөвхөн зээ охинтойгоо үйлдсэн биш өөрийн төрсөн охиноо ч оролцуулжээ.
Тиймээс шүүх хохирлын хэмжээ, хэрэгт холбогдсон гурван хүний хэргийн оролцоо, өөрсдөө гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгавартай оноосон байна. Тодруулбал, эмээ П-д нь гурван жил, зээ охин Х-д хоёр жил зургаан сар, охин Т-д хоёр жил нэг сарын хорих ял ногдуулжээ. Улмаар үйлдсэн хэргээ хүлээсэн, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг нь харгалзан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: http://www.amjilt.com/