Уул уурхайн салбар энэ жил макро эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэжээ

Уул уурхайн салбар оны биелэлтээ дүгнэлээ
Уул уурхайн салбарын бүхий л ажиллагааг ил тод байлгах зорилготой, ялангуяа олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Уул уурхайн яамнаас сар бүр хурал зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Ил тод уул уурхай” хурал жилийн сүүлийнх болж буй бөгөөд салбарын тоон үзүүлэлтийг нэгтгэн дүгнэснээрээ онцлог байлаа. Хурлыг УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид  ахлан явуулж, салбарын энэ оны тоон үзүүлэлт, “Оюутолгой” ХХК-ийн ирэх жилийн төсөв, шатахуун нийлүүлэх талаарх ОХУ, Монголын харилцан ойлголцол, газрын тосын чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээллээ. Мөн энэ үеэр салбарын шилдэг дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан өргөмжлөл гардуулсан юм.

Уул уурхайн салбар энэ жил өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад  ашиг орлого, үйл ажиллагаагаар уналтад орсон ч улсын макро эдийн засагт чухал үүргийг гүйцэтгэсээр байгаа. Он солигдох дөхсөн ч энэ сар бүрэн дуусаагүй тул салбарын тоон мэдээлэл өнгөрсөн сарынхаар гарсан байна. Тухайлбал уул уурхайн салбар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэлжээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлт боловч гадаад, дотоодын зах зээл хүндэрсэн үед чадахаараа ажиллаж байсныг албаныхан онцолсон юм. Зэсийн үйлдвэрлэл гэхэд 712 мянган тонн буюу 82 хувийн гүйцэтгэлтэй, молибден 3.412 тонн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Алтны тухайд, энэ жил 7.6 гаруй тоннын олборлосон нь 141 хувийн гүйцэтгэлийг хангасан бөгөөд татварын орлого бүрдүүлэлт 173.2 хувьтай байна. Газрын тосны үйлдвэрлэл 4.827.8 мянган баррель буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувьтай байжээ.

Ашигт малтмалын газар улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого оруулж, 89.9 хувийн биелэлттэй. Газрын тосны газар нийт 154.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 105 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Нүүрсний үнэ энэ жил 40 хувиар уналаа

Улсын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний тухайд олборлолт 28.6 сая тонн буюу 92.8 хувь, татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байна. Энэ нь 2013 онд нүүрсний үнэ дунджаар 40 хувийн уналттай байсныг харуулж буй. Харин  15.9 сая тонн  нүүрсийг арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар экспортолсон бөгөөд энэ нь 2013 оны эхний улиралд нүүрсний үнэ огцом унасантай холбоотой юм. Үнэ ийнхүү огцом унаснаас компаниуд алдагдал хүлээхгүйн тулд нүүрсээ экспортлохоо азнаж, нөхцөл байдлыг ажиглаж байсан. Тэгвэл одоо экспортолж буй нүүрсний үнийг сонирхуулъя. Өнөөгийн байдлаар уурхайн аман дээр Баруун цанхийн нүүрсийг 40 ам.доллар, Зүүн цанхийн нүүрсийг /зээл дарахаар Чалко компанид нийлүүлж буй/ нүүрсийг 35 ам.доллараар худалдаж байна. Харин үүнд тээвэрлэлтийн зардлыг нэмж тооцвол, Ганц мод, Гашуун сухайтын хилийн боомтын үнээр бол 60-65 ам.доллараар нүүрсээ экспортолж байгааг хурлын үеэр дуулгалаа. Ирэх жилүүдэд төмөр замын төслийг хэрэгжүүлж, амжилттай байгуулж чадваас нүүрсний экспортын тээвэр, ложистикийн зардал 50 хувиар буурах боломжтой ажээ.

Үүнээс харахад алт, газрын тос, молбидений үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээнээс давсан бол нүүрс, зэсний үйлдвэрлэл гүйцэтгэлээ хангаж чадалгүй оныг үдлээ.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …