УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийгУИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцууллаа. Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд нь татвараас чөлөөлөх нь зүйтэй гэдэг дээр гишүүдийн олонх санал нэгдлээ. Хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбоотойгоор Занарын асуудал хөндөгдсөн юм. Занараас шатахуун гаргаж авах боломж байгааг Уул уурхайн яамнаас мэдэгдэж байгаа ч энэ асуудал тийм амархан шийдэгдчих асуудал биш гэдгийг гишүүд сануулж байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хүрэн нүүрснээс шатахуун гаргах тухай яригдаж байсан ч одоо дахиад Занар гээд яриад байна. Гадныхан нэг юм хэлдэг түүнийг нь дагаар өмнүүр нь гүйгээд байдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Засгийн газраас нэг зөвшөөөрөл авсан болоод хаа хамаагүй, гадныхан газар ухаад явдаг байж болохгүй” гэж байлаа. Бензин, шатахуун гаргаж авах гэдэг утгаараа дэмжих ёстой ч бэлэн биш байгааг гишүүд сануулж байлаа. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, хуулийн төслийг хэлэлцэж Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Т.Түвшин
Ugluu.mn