УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн, баталлаа.
Учир нь тус хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа учраас тус зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ренчинбазар, гишүүнээр Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, А.Өнөржаргал, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус томилох саналыг Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон бөгөөд дэвшигч тус бүр дээр санал хурааж батлав. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ренчинбазарыг 82 хувь, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Амарсанааг 80 хувь, Д.Цэрэнбадамыг 80 хувь, А.Өнөржаргалыг 75 хувь, Ж.Эрдэнэбилэгийг 82 хувийн саналаар тус тус томиллоо.
Сонирхуулахад, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Г.Даваажаргал, гишүүний үүрэгт ажлаас Д.Цэцэгмаа, Б.Ганбат, Г.Цэцгээ нар ажиллаж байсан юм байна.