Мөн энэ жил СЕХ Олон улсын сонгуулийн шагналын хороо нь 2013 оны шилдэг байгууллагаар сонгон шалгаруулж, сонгуулийг сайн зохион байгуулсныг нь өндөр үнэлж тэргүүн шагналаа хүртээсэн. Энэхүү шагнал нь Монгол Улсад сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бодитой хангаж буйн анхны том үнэлгээ боллоо гэдгийг СЕХ-ныхон онцолсон байна.
Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж энэ хүрээнд олсон ололт амжилтаа улам бататгаж сонгуулийн технологийг цаашид улам боловсронгуй болгох, сонгогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зөв гольдирлоор нь төлөвшүүлэхэд өөрсдийн саналаа бэлтгэхийн сацуу олон улсын харилцаагаа өргөжүүлэх зэрэг асуудалд ажлаа голчлон чиглүүлэхээр болсон байна.