УИХ-ын гишүүн О.Баасанхүү тоон доторх үсэг гэдэг шиг Ерөнхий сайдын “30 минут” уулзалтад өчигдөр сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн суулаа.
Тэрбээр “Ерөнхий сайдтай тулж уулзах боломж олдохгүй байна” хэмээн тайлбарлаад эмнэлгийн барилгатай холбоотой асуулт асууна гэдгээ ч хэлж байв.
Төрийн ордны А танхимд болсон уулзалтад оролцогсод эрхэм гишүүнийг хараад ихэд гайхаж “Парламент шинэ сэтгүүлчтэй болжээ” хэмээн хошигноод авна лээ.
Харин О.Баасанхүү гишүүний хувьд “Ерөнхий сайдын гар утасны дугаарыг олон нийтэд дэлгэх гэсэн ч Тагнуулын Ерөнхий газраас болохгүй гэсэн хариуг албан ёсоор өгчихлөө. Уг нь 14138 иргэн мессеж илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлчихсэн байсан юм” гээд нэлээд бухимдангуй байсан.
Тиймдээ ч мань хүн Ерөнхий сайдыг уулзалтынх нь үеэр сэтгүүлчдэд ганц сайн шарж байгаад өөртөө хэрэгтэй хариултыг хэлүүлж дөнгөнө гэж бодсон бололтой.
Харамсалтай нь засгийн тэргүүн гэнэ алдаж, үг унагасангүй.