УИХ-ын чуулганы хуралдаантай. Өнөөдөр чуулганаар Гаалийн татвараас чөлөөлөх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлана. Чуулган өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуустал түр завсарлах юм. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1 хүртэл хаврын чуулганыг завсарлуулахаар болоод байна. Учир нь гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөж буй нэр дэвшигчээ дэмжин ажиллахтай холбоотойгоор чуулганыг завсарлуулахаар болсон юм. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
2. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
3. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
4. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.