Өнгөрсөн 2013 оны төгсгөлд аймгийн музейд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар дохиолол хамгаалал камержуулалтын иж бүрэн систем тавигдсан байна. 50 гаруй жил зөвхөн манаачийнхаа нүд, сонорт найдаж асан цаг түүхэнд үлдэж шинэ технологиор иж бүрэн тоноглогдож түүхийн ховор нандин үзмэр, дурсгал хамгаалах арга ажиллагаа нь цоо шинэ дэвшилд хүрсэн нь аймгийн музейн 2013 оны томоохон ажлын нэг байсныг музейн захирал Р.Сумьяа онцолсон юм. Иж бүрэн системд дотор гадна, өдөр шөнийн камерууд, утаа, дулаан мэдрэгч, ус чийг, хөдөлгөөн болон хорго хаалганы мэдрэгчүүд иж бүрнээрээ тавигджээ. Энэхүү ажлыг ССАЖЯ-ны зарласан тендерт шалгарсан “Молцог цаг” ХХК музейн ажилчидтай хамтран хурдан хугацаанд хийж гүйцэтгэжээ. Мөн музейн бүх ажилтны үүрэн утсыг хамгаалалтын серверт холбосноор ямар ч үед гал усны аюул болон гадны халдлагад өртсөн тохиолдолд үүрэн утаснууд дээр зэрэг дуудлага ирж хурдан хугацаанд аливаа эрсдлийг бүрэн таслан зогсоох боломжтой болжээ. Түүнчлэн ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар бүх аймгийн музейд шинэ фургон автомашин гардуулан өгчээ.