Өнөөдөр Улаанбаатар хотын музейд Ц.Батзориг агсны “Хүмүүс” гэрэл зургийн, Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын хамтатгасан үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Монголчуудын тухай, монгол хүмүүний амьдарлын дүр төрхийг гэрэл зургийн урлаг, гэрэл зургийн хэлээр харуулах 45 бүтээлийг дэлгэн үзүүлж байна.
Мөн Д.Баяржаргалын цуглуулсан 1893-1993 оны хооронд бүтээгдсэн 500 орчим гэрэл зургийн аппаратыг дээжлэн сонгож тавьжээ. Тэрээр эцгийнхээ цуглуулгыг үргэлжлүүлж буй хоёр дахь үеийн цуглуулагч юм. Түүний эцэг СССР буюу ЗХУ-ын үед гарсан бүх аппаратыг цуглуулсан бол хүү нь энэ цаг үеийг урагшлуулж, хамрах хүрээг өргөтгөсөн байна. Тухайлбал 1890-ээд оны сүүлээс эхлэн АНУ-д үйлдвэрлэсэн KODAK аппаратыг харж болох юм.
Цэгмидийн Батзориг /1966-2001/ 1974-1984 онд МОНЦАМЭ агентлагийн Улсын гэрэл зургийн газарт ажиллаж байгаад 1986-1992 онд ЗХУ-ын Ленинград хотноо улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид фото сурвалжлагчийн мэргэжил эзэмшжээ. 1992-1996 онд МОНЦАМЭ агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байгаад, 1996 оноос гэрэл зургийн мэдээлэл, сурталчилгааны “ГАММА” агентлагийг хэсэг нөхдийн хамт байгуулсан.
Ц.Батзориг 2001 оны нэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудад болсон байгалийн гамшиг, цас зудны тухай гэрэл зургийн сурвалжлага хийхээр албан үүргээ гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.
Түүний гэгээн дурсгалд зориулан мэргэжлийн гэрэл зурагчдыг дэмжих, гэрэл зураг сонирхогчлыг олшруулах зорилгоор 2001-2011 онуудад оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдаан, үзэсгэлэнг зохион байгуулж байсан юм.
Б.Хайдав