Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Төсвийн байнгын хороо дангаар өнөөдөр үдээс өмнө /2014.01.15/ хуралдаж байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн нэрийг дэвшүүлэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж улираан ажиллуулахаар шийдлээ.
Дараа нь Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын С.Баярцогт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах саналтай байлаа.
Улсын Их Хурлын Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун нар санал хэлж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийлээ. Танилцуулагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон,С.Баярцогт, Ц.Даваасүрэн санал хэллээ. Улсын Их Хурлын Байнгын хорооны гишүүдээс ажлын хэсэг байгуулж хөгжлийн урт хугацааны хөтөлбөр, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг анхаарах, олон хөтөлбөрийг цөөлөх, зармыг нь хүчингүй болгох, намууд тухайн хөтөлбөрийг ямар арга, замаар хэрэгжүүлэх гэдгээр тодорхойлж явдаг байя гэсэн саналуудыг илэрхийллээ. Байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл,С.Баярцогт,Д.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эцэст нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл чөлөөлөгдөж байгаа хүний талаар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хариулт өглөө.
Төрийн аудитын байгууллагын бүтцийг тус байнгын хорооны /2014.01.07/ хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Чөлөөлөгдөж байгаа Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаярт гишүүдээс баяр хүргэж, амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.