Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард буюу одоогоос бараг жилийн өмнө гурван монгол иргэн Арабын нэгдсэн Эмират улсын хоёр дахь том хот болох Дубайг зориод ор сураггүй алга болсан талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь 11-11 төвд мэдээлжээ. Эдгээр гурван хүн нь бүгдээрээ эмэгтэй хүмүүс байсан бөгөөд нэг нь буюу Дуламжав гэгч нь хөл хүнд явсан байна. Тэрбээр хааяа нэг нөхөртэйгөө холбогддог бөгөөд тэнд төрсөн гэх мэдээллээс өөр мэдээлэл одоог хүртэл байхгүй байгаа аж. Уг нь Дуламжав нөхөр, хоёр хүүхэдтэй. Гэвч нөхөр нь эхнэрээ ямар байдалд байгаа, яагаад ирж чадахгүй байгааг нь мэдэхгүй байгаа юм байна.
Энэ талаар Засгийн газрын санал хүсэлтийн 11-11 төвд н.Дуламжавын хадам ээжийн эгч нь хандсан бөгөөд түүнтэй хамт явсан хоёр монгол иргэн бусдын гар цүнхийг хилээр авч гарсан бөгөөд үүнээс үүдэн тус улсад хоригдсон байж болох талтай гэх сураг сонсчээ. Гэхдээ тэр гар цүнхэнд хар тамхи байгаагүй ч тэрхүү гайтай тээшнээс болж ийнхүү бүтэн жилийн турш эх орондоо ирж чадахгүй байна уу хэмээн таамаглаж байгаа бололтой. Харин нөгөө хоёр эмэгтэйгийнх нь талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм байна.