Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус илтгэж танилцууллаа.
Байгалийн гамшгаас үүсэх их хэмжээний малын хорогдлын улмаас зорилтот бүлэг болох малчин өрхүүдэд учирч буй эдийн засгийн эмзэг хараат байдлыг бууруулах, малчдын төлбөрийн чадварыг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, мөн нөгөө талаас оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд малын индексжүүлсэн даатгалын онцлог, түүний нэр томьёоны тодорхойлолт, малын даатгалын эрсдэлийг хуваах зарчим зэрэг харилцааг түүнчлэн даатгагч, давхар даатгагч болон Засгийн газар хооронд үүсэх шинэ харилцаа, тэдний тус бүрийн оролцоог тодорхойлсон эрх үүрэг, даатгалын стандарт гэрээнд зайлшгүй хэрэглэх нөхцөл зэргийг тусгасан байна.
Малын индексжүүлсэн даатгалыг 2005 оноос хойш Дэлхийн банктай хамтран уг банкнаас нөхцөлт зээл авч туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх хугацаанд даатгалын компаниуд уг даатгалын үйл ажиллагааг эрхлэх боломжтой, малчид хамрагдах сонирхолтой, зах зээлийн зарчмаар цаашид оршин тогтнох боломжтой нь батлагдсан байна .Иймд энэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харгалзаж энэ төслийг боловсруулсан байна.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Ажлын хэсэгт хандаж асуулт тавьж хариулт авав. Малын хорогдлын босгыг ялгаатай тогтоох, яаж даатгахаас аваад эрсдэлийг хэрхэн тооцох зэрэг асуудлыг төсөлд хэрхэн тусгасан, эрсдэлийн нөхцөлийг байгаль цаг уурын байдлыг харгалзан бусчилэн тогтоох боломжтой эсэх, индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь зах зээлийн харилцаанд хэрхэн нийцэж байгаа, мал аж ахуй эрхэлдэг бусад улс оронд давхар даатгалыг хэрхэн тооцож хэрэгжүүлдэг ба түүнд төрийн оролцоо ямар байдаг, даатгалын стандарт гэрээг гэснийг хэрхэн ойлгох, даатгалын хураамжийн хэмжээ нь ямар байх, төслийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны саналыг авсан эсэх, төсөл дэх даатгалын тогтолцоо нь даатгалын компаниудыг хамгаалахаас илүү малчдыг эрсдэлээс хамгаалсан байх ёстой, даатгалын хэмжээ, даатгах нөхцөлийг тогтоохдоо малчдын төлбөрийн чадварыг хэрхэн харгалзаж тооцсон, малчдад малаа даатгуулах сонирхолыг хэрхэн төрүүлэх зэрэг асуудлаар Ажлын хэсгийн байр суурийг сонсов.
Төсөлтэй холбоотой асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүд саналаа илэрхийллээ. Төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийлээд, эрсдэлийг тогтоохдоо ялгавартай хандах, эрсдэлийг үүсгэхгүйн тулд тодорхой стандартыг хангасан байх, эрсдэлийн сан байгуулах, малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлсэн ажлын үр дүнг бодитой тооцож үнэлэх, малын эрсдэлийн хүрээг өргөжүүлэх, эрсдэлийн босго, түвшнийг тооцох аргачлал малчдад ойлгомжтой байх талаар тодорхой санал дэвшүүллээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Үдээс хойшх хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд мэдэээлэл хийнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.