ОХУ-ын тусгай ажиллагааны үеэр Сочи хотноо болох Өвлийн Олимпийн наадамыг зогсоох оролдлого хийх гэж буй амиа хорлогч террорист эмэгтэйг илрүүлсэн ба түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Америкийн хэд хэдэн телевизийн сувагуудаар мэдээлжээ.
Тус эмэгтэй 22 настай Рузанна Ибрагимова хэмээх нэртэй бөгөөд түүнийг Салима гэж дууддаг юм байна. Өнгөрсөн 7 хоногт тэрээр Сочи хотод ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Ялгагдах онцлог нь: түүний баруун хөл ялимгүй доголдог , зүүн гар нь нугардаггүй мөн хацар дээрээ сорвитой юм байна. Зарим эх сурвалжаас үзэхэд, тэрээр лалын бүлгэмийн гишүүний эхнэр байсан юм.
“FoxNews” агентлагын мэдээлснээр нэг биш харин дөрвөн “хар бэлэвсэн” эмэгтэйчүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Амиа золиосолж террорист халдлага хийж буй эмэгтэйчүүдийг олон улсад “хар бэлэвсэн” хэмээн нэрлээд байгаа юм. “BlogSochi” гэх бие даасан портал Рузанна гэх эмэгтэй зургыг нийтэлж мөн цагдаагийн албан хаагч нарын хайгуул хийх чиг баримжааг мэдээлжээ.
Гэхдээ ОХУ-н Дотоод хэргийн яамнаас энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй болохыг “BusinessFM” радиогоор мэдээлсэн байна. ОХУ-н терроризмтэй тэмцэх аюулгүй байдлын хорооны удирдагч асан Владимир Луценко Барууны хэвлэл мэдээллийнхэн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна хэмээн үзэж байгаа юм. Террористууд “Youtube ” сайтаар дамжуулан сүрдүүлэг хийсэн талаар бид та бүхэнд мэдээлж байсан билээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-н Ерөнхийлөгч Владимир Путин “Сочи хотноо болох Өвлийн Олимпийн наадамд оролцох зочид болон тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчээ дайчилна” хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Г.Энххишиг