Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар юу хэлэв?
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ц.Мөнхбаярыг одоо очиж эргэнэ
Тухайлбал Ж.Батзандан гишүүний хувьд “Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх ёстой. Би Байгаль орчин, эх орныхоо төлөө тэмцдэг хүн бүрийг хамгаална. Асуудал Ц.Мөнхбаярт байгаа биш түүний тэмцлийн гол зорилгод байгаа. Засгийн газар хуулиа дагахгүй хэрнээ яах ч үгүй, харин иргэн нь хуулиа биелүүлэхийг шаардсаны төлөө ял авлаа. Ц.Мөнхбаяр УИХ-ын хууль, тогтоолыг хэрэгжүүлэхийг, УДШ-ээс хуулийг хэрэгжүүлэхийг ЗГ-д даалгасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж тэмцсэн. Би өнөөдөр Ц.Мөнхбаяртай уулзана” гэсэн юм.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Тэдний үйлдлийг зөвөөр үнэлж цагаатгах өдөр ирнэ гэдэгт итгэж байна
Тэрбээр “Ц.Мөнхбаяр нарын хэргийн талаар бодохоор л өмөөрмөөр санагдах юм. Гэтэл хууль зүйн хувьд өмгөөлж хамгаалах боломж бололцоо бага бололтой. Хүн бүхэн юу болсон, ямар санаа зорилготой байсан, ямар үйлдэл хийсэн гэх мэтээр мэдэж байгаа. Харин нийгмийн зөрчил, үзэгдэл талаас нь авч үзвэл яах аргагүй өмөөрөх ёстой мэт харагдах юм. Төр, төрийн эрх мэдэлтнүүд, эх орноосоо урвагчид, харийхантай хуйвалдагчид эх орон газар шороогоо худалдаж, Монгол хүний 2-т тавиад гадаад хүмүүсийг шүтсэн хэвээрээ байх аваас улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг ард түмэн тэмцэж л таарна… Мөнхбаяр нарыг ирээдүйд үүсч болох хүчирхийлэл, дарангуйлал, тэмцэл, хувьсгалыг сануулсан, урьдчилан сэргийлсэн гэж зөвтгөх ч үндэслэл байж болох юм. Ямартаа ч эх орноо гэх сэтгэлээр хийсэн үйлдлийнхээ төлөө ял шийтгэл авсан тэдний үйлдлийг зөвөөр үнэлж цагаатгах өдөр ирнэ гэдэгт итгэж байна. Эцсийн эцэст мөнгөнд дурласан, хамаг бүхнээ зориулсан дарга түшээд минь нэгийг бодохгүй бол алдах юмгүй болсоор байгаа ард иргэд чинь тэнэг биш гэдгийг л ойлгоосой билээ” гэв.
С.Ганбаатар: Засгийн газрын буруугаас Ц.Мөнхбаяр ийм байдалд хүрсэн
С.Ганбаатар гишүүний хувьд шүүх хурал болохоос ч өмнө тэднийг өмөөрч, олны дургүйцлийг хүргэж байсан. Тодруулбал, Ц.Мөнхбаяр үнэхээр эх оронч, эх орныхоо төлөө сэтгэл нь өвдөж явдаг сайхан Монгол залуу гэж байсан удаатай. Мөн “Мэдээж бид хамтдаа тэмцэж явсан. Тэмцлийн арга барилын хувьд гэх юм бол бид хоёрынх зөрдөг байсан. Бие биеэ хатуу ширүүн шүүмжилж байсан үе бий. Гэхдээ биднийг үр хүүхдүүддээ сайхан Монгол эх орныг үлдээх юмсан гэдэг үзэл бодол маань нэгтгэдэг. Миний байр суурь бол хэлэлцээр, зөвшилцөл ойлголцлын л зам юм. Энэ зарчмаа би одоо ч дээдлэдэг. Ч.Мөнхбаярын хувьд буруу биш. Тэр хүн олон жил “Онги гол” гэж уул усаа ярьж яваа хүн. Тэр хүнийг хэзээ ч сонсдоггүй, үл ойшоодог хүмүүсийн анхаарлыг татахын тулд хурц ширүүн арга хэмжээ авсан байхыг үгүйсгэхгүй. Ярьж байгаа зүйлийг нь анхаарч сонсох хэрэгтэй байсан. Тэр хүнийг буруутгаж л байгаа юм бол тийм байдалд хүрэхээс өөр аргагүй байдалд ортол нь дүлий дүмбэ оргисон шийдвэр гаргагчид, Засгийн газар бас буруутай” гэв.
Г.Уянга: Ц.Мөнхбаяр бол дахин төрөхгүй эх оронч
УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүн бол тэдний талд баттай зогсож байгаа хүмүүсийн нэг яахын аргагүй мөн. Тиймээс ч тэднийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан. Тэрбээр “Мөнхбаярыг хувь хүнийхэн үүднээс дэмжиж явдаг, Түүн шиг эх орныхоо төлөө зүтгэж яваа хүн байхгүй. Тэр бол дахин төрөхгүй эх оронч, байгаль дэлхийгээ хамгаалах заяатай хүн” хэмээн хэлсэн юм.
Ё.Отгонбаяр: Арайч дээ
Ё.Отгонбаяр Ц.Мөнхбаяр нарыг яг шүүхийн шийдийг сонссоны дараа “арай ч дээ 21 жилийн ял оноочихлоо” хэмээн дуу алдаж байсан. Ё.Отгонбаяр ч бас тэдгээр хүмүүсийн талд зогсож байгаа бололтой.
Энэ бол зөвхөн Ц.Мөнхбаяр нарын ялын тогтоолыг буруутгаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн байр суурь. Гэвч шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа нэг хэсэг байгаа ч зөв зүйл болсон гэж үзэж байгаа нөгөө хэсэг ч бий юм.