Д.Амарсайханы холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй юу

логоСүүлийн үед хууль хя­налтын байгууллагынхан олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөхөө больжээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх­мүүд аливаа хэрэгт ороо­­цолдлоо гэхэд тэдний тухай анхны мэдээллийг хуу­лийнхан л хэвлэлийнхэнд өгдөг.

Иймэрхүү хэд хэ­дэн хэрэг ээлж дараалан давтагдаад байгааг олон нийт мэдэж байгаа.

Эдгээрийг нурших хэ­рэг­гүй ч энэ удаа Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг чухам ямар хэргээр хорьсон, байцаалт, шалгалт нь ямар шатанд байгааг олон нийтэд сонордуулахыг зорьсон юм.

Яагаад гэвэл улсад олон тэрбумын хохирол уч­руулсан байж ч болзош­гүй энэ хэрэг нийтийн анхаар­лыг татсаар байгаа хэрэг өнөөдрийг хүртэл нууц­­лаг­даж, мэдээллийг нь дарсаар бас л замхруулах вий гэх хардлагыг төрүүлэх боллоо.

Өнгөрсөн онд түүнийг ажлаа өгснийх нь дараа нууц гэрээгээр халхавчлан газрын тосны орлогоос нэг хувийг нь хувьдаа завшиж байсан ноцтой хэрэг илэр­сэн тухай бөөн дуулиан шуу­гиан дэгдсэн.

Хэдийгээр энэ нь манай улсад өрнөж буй үйл явдал ч БНХАУ-ын хууль хя­нал­тынхны анхаарлыг бага­гүй татсан. Дээрх хэргийн сэжүүр олон нийтэд дэлгэгдэх үеэр Д.Амарсайханыг гадаад руу зугтаад явчихсан гэж хууль, хүчнийхэн ч эхэн­дээ ярьцгааж байсан.

Гэх­дээ тэрбээр хуу­лийнх­ны ха­раа хяналтаас мултарч ча­далгүй, өнгөрсөн оны ар­ван­­хоёрдугаар сарын 16-нд саа­туулагдаж, цаг­дан хо­рих 461 дүгээр ангид хо­ригдож байгаа. Харин ямар хэргээр гэдгийг нь одоо хэр нь нууцалсаар байна.

Албаны зарим эх сурвалж “Түүний хийсэн хэргийг ингэж нууцалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний өмнөөс ял үүрүүлэх гэж байна” гэсэн юм.

Тэгээд ч сүүлийн үед төрийн өндөр албан ту­шаалтныг ажлаа хү­лээлгэн өгөнгүүт нь ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг “моод” манай улсад их л түгээмэл болсон нь нууц биш.

Уг нь өнгөрсөн оны есдүгээр сард дээрх эрхмийг ямар хэрэгт холбогдсон талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх доорх мэдээллийг өгч байсан. Тэрбээр “Түүний удирдаж байсан байгууллагаас 417 мянган баррель буюу 40.5 сая доллараар үнэлэгдэх газрын тос сох дутчихаад байгаа.

Шалгалтын явцад үүнээс ч их хэмжээгээр алга болсон нь тогтоогдсон. Бүтээг­дэхүүн хуваах гэрээ­ний дагуу манай улсын төсөвт орох ёстой 24 хувийн орлогоос нэг хувь нь Хон­конг дахь “SunWang” гэх ком­панийн данс руу орж байсан нь батлагдсан” гэж мэдэгдсэн.

Түүнчлэн эл хэрэгт хол­богдуулан тухайн үед тус газрын дарга, дэд дарга, Га­даад худалдааны хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бо­догч зэрэг дөрвөн албан ту­­шаалтныг сэжигтнээр шалгасан.

Хэдийгээр тэд хэрэг хийсэн эсэх нь олон нийтэд сонирхолтой биш ч Монгол Улсын иргэн учраас улсын төсөвт орох ёстой хөрөнгө, мөнгө чухам юуны учир, яагаад замаасаа алга болоод байдаг нь хачирхалтай асууд­луудын нэг.

Тиймээс л өнөөг хүртэл Д.Амарсайханы хэрэгт чих тавин суугаа.

Бидэнд олдсон мэдээл­лээр Д.Амарсайхан татварт орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж байсныг аудитынхан шалгал­таар илрүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл “Sun- Wang” ком­панийн данс руу зөвхөн Мон­голынх биш БНХАУ-ын Засгийн газарт орох ёстой хувиас нэг хувь нь шилжсэн тө­дийгүй тус компаниас то­дор­хой хэмжээний мөнгө манай улсын арилжааны нэгэн банкинд шилжин ирж түүнийг нь өөр хү­ний нэр дээр нууц данс нээгээд ашиг­лаж байсан нь тодор­хой бол­жээ.

Түүнчлэн Газрын тосны газар болон “Петрочайна Дачин Тамсаг” нь хуурамч тайлан гаргаж өгдөг байсан зэрэг ноцтой асуудал гарсныг тогтоосон юм билээ.

Өөрөөр хэлбэл мэргэж­лийн байгууллагаас тус газрын 2007-2012 оны тай­лан тооцонд үндэслэн дүг­нэлт хийхэд 51.4 сая ам.дол­лар буюу 465.264 бар­рель тосны зөрүү гарсан байдаг.

Тухайлбал газрын тос­ныхон 2010 оны­хоо тай­ланд 12.95.660 бар­релийг борлуулсан гэж дурьд­сан бол, Хятадын та­лын­хан 15.41.284 баррель гэж 245.624 баррелийн зөрүүтэйгээр тайландаа тус­гасан байгаа юм.

Тэгэхээр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлосон газ­рын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонгонг руу урсаж байжээ.

Ямартай ч Д.Амар­сайханыг дээрх үйл явд­луудаас эдийн засгийн то­моохон гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэрдэж байгаа. Гэтэл түүний хий­сэн хэргийг юуны учир өнөөдрийг хүртэл чандлан нууц­лав гэдэг нь л олны со­нирхолыг улам их татсаар байгаа.

Магадгүй сар гаруй хоригдож байгаа Д.Амар­сайханы ард одоо төрд байгаа болон өмнө нь төрд алба хашиж байсан томоохон эрхмүүд сууж байгаад энэ ээдрээтэй, эдийн засгийн томоохон гэмт хэргийг замхруулахаар бо­ломжит цагийг хүлээж байхыг үгүйсгэх аргагүй.

Яагаад гэвэл төр, түмний хэ­дэн арван тэрбумын хө­рөнгө, мөнгийг хулгайлан зав­шигчид сүүлийн үед яг л ийм арга, замаар ял завшин тарвалзах болсон.

Р.Саруул

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …