Ч.Алтангэрэл: Нялхас, өвгөдийн эрүүл мэндэд анхаарах жил гарч байна

1656309_483040321804867_2040946467_nлогоXVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусан талаар Дашчойлин хийдийн монгол зурхайч Ч.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Монгол түмний их баяр Цагаан сар болоход цөөхөн хоног үлдлээ. Ялгуусан хэмээх модон морин жил монголчуудад маань хэр ээлтэй байх бол?

-Модон морь жил олон жилийн дунджаар сайхан жил болно. XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морь жил нь илүү сартай жил тохиож байгаа. Энэ нь хав­рын сар нь дөрөв гэсэн үг. Хаврын сар нь илүү учир мал, амьтанд бага зэрэг гарзтай. Өвс ногоо сайтай, хур цагтаа буусан сайхан жил болно. Шороон үхрийг модон морин жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл үхэр нь ногоон толгойтой, эвэр, чих, сүүл, дөрвөн шийр нь улаан, цагаан ходоодтой, хөх омруу бүхий ногоон зүсийн, амаа ангайж сүүлээ зүйн тийшээ шарвасан хэмээн зурхайн цаг тооллын цаглабарт зурсан байна.

Мөн үхэр хариулаач нь улаан нүүртэй, хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, ба­руун гэзгээ чихнийхээ ур­дуур унжуулсан, хос гут­лаа өмсөж, олсон шил­бүүр барьсан идэр залуу үхрийнхээ баруун талд алхаж явна гэсэн зурлага гарсан. Энэ нь ирэх жил аливаа зүйл элбэг дэлбэг хангалуун амар амгалан хийгээд ажил үйлс өндөр бүтээмжтэй байхыг бэл­гэшээсэн. Дээдэс, өндөр суудалтнуудад сайн, нялхас, өндөр настнуудад биеийн эрүүл мэндэд анхаар гэсэн юм байна. Залуусын ажил төрөл бүтэмжтэй сайхан жил ирж байна.

-Цагаан сар бэлгэдлийнх нь талаас яривал ямар баяр вэ?

-Энэ бол агуу том баяр. Мянган жилийн өмнөөс би­лигт сайн өдрийг сонгож тэмдэглэж ирсэн, нэг нас нэмсэн, ажил үйлсийг сайн сайхан авч явах, өвчин зов­лонгүй, амар сай­хан амьд­рах, өнгөрсөн жилийн­хээ байд­­лыг дүгнэх, муу явдлаа засч, сайн үйлийг хийх гээд монголчуудын агуу том баяр юм. Энэ үед хаврын эхэн сараас шинийн 15 хүртэл дү­йчин өдрүүдэд буян ном хурах тэр нь түм түмээрээ арвижих, нүгэл хийвэл мөн түм түмээр нэмэгдэх өд­рүүд юм.

-Цагаан сарын зан үй­лүү­­дээс хүмүүсийн хам­гийн их ач холбогдол өгдөг нь мөр гаргах ёс. Энэ ямар утга учиртай юм бэ?

-Цагаан сарын өдөр мөрөө гаргах найман зүг байдаг. Хийморийн зүгт гараад хи­шиг буяны зүгээс ирдэг. Мөн муу зүг, ад зэтгэрийн зүг гэж байдаг. Тэдгээр зүгт бурхны номонд заасан зүйлийг шидэх, шившлэг тарнийг унших маягаар зүг мөрөө гаргадаг. Энэ нь ажил үйлс, гэр орон, эд хө­рөнгө зэрэг бүхий л зүйлээ даатгаж, ирэх жилдээ сайн сайхан байх гэсэн үүднээс зүг мөр гаргах ёсыг үйлддэг.

Ер нь хүмүүс мөрөө тус тусдаа гаргах нь зөв. Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ ёсыг бие болон сэтгэлийн үйлд­лээр гүйцэтгэснээр тухайн жилийн гай барцадыг арил­гадаг гэж ойлгож болно. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор бие хэл сэтгэлийн болон мөр гаргах зан үйлийг хүн бүр зааврын дагуу үйл­дэх нь тэр жилийнх нь ажил үйлсийг сайн сайхан, бүтэмжтэй болгодог.

-Эмэгтэй хүн мөр гаргах албагүй гэж ярьдаг. Энэ ямар учиртай вэ?

-Дээхнэ үед гэрийн эзэн мориор давхиад мөрөө гар­гачихад болно гэж байсан. Одоо үед харин эрэгтэйгээсээ эмэгтэй нь илүү явдаг болсон юм шиг. Гадаад дотоодгүй явж, их ажлыг бүтээж байна. Тийм болохоор сар шинээрээ хүн бүр зам мөрөө зөв гаргах хэрэгтэй.

-Жил бүр цагаан сар дөхөхөөр цаг тооллын сэдэв­тэй маргаан гардаг. Энэ жилийн цагаан сарын хувьд тийм зүйл байгаа юу?

-Энэ жил XVII жарны модон морь жил нэгдүгээр са­рын 31-нд эхэлнэ. З1-нд ний­­тээрээ золгож, 30-нд битүүлнэ. Модон морь жилд хав­рын сар дөрөв байгаа. Үүнийг монголчууд илүү сартай жил гэж нэрлэдэг. Хаврын урь орсон тэр өдрийн махбодыг тооцоолон бодож Салан дагцал буюу үхэр зургаар гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг юм.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …