Замын түгжрэлийг алга урвуулах мэт хялбархан шийднэ гэвэл санасны гарз. Олон жилийн тууштай бодлого, нүсэр хөрөнгө оруулалт, менежмент шаардах төвөгтэй асуудал.
Харин хотын шинэ дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг “хүчээ сорих” салбар гэж харжээ. Автомашиныг улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оруулснаар замын түгжрэлийг бууруулахаар шийдэв. Уг шийдвэрийн дараа замын ачаалал 30 хувиар буурсан. Нэг өдөр явган явах ч яахав гэсэн уужим сэтгэлээр Улаанбаатарчууд хүлээн авлаа.
Харин энэ шийдвэр зах зээлийн эрэлтэд нөлөөлсөн шийдэл байсныг тухайн үед “хэн ч” хараагүй.
Автомашиныг дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийн дараа амьдрал дээр юу болов?
Зарим хороолол, тэр тусмаа шинэ суурьшлийн бүсэд автобусны үйлчилгээ хүрдэггүй. Таксины хүртээмж муу, яг хэрэгтэй үед “олддоггүй” болохоор зарим гэр бүл хотын утаа, хүйтэн нойтонд жижиг хүүхдээ дагуулаад явган явахгүй гэсэндээ дахин машин худалдаж авч эхэлсэн. Үүнийг 2012 онд дундаж өсөлт нь 12% байснаа, сүүлийн 3 сард 18%-д хүрч байгаа машины өсөлт болон шинээр авч байгаа машины улсын дугаарыг, “үндсэн” машиныхаа дугаартай эсрэгцүүлж авах сонирхол бодитой бий болсон зэргээс төвөггүй харж болно.
Тэрээр энэ шийдвэрийг гаргах үедээ “алсыг хараагүй”, зөвхөн “ашиг гаргах”-ыг хүсэж байсан. Харин юунд ашиг гаргасан бэ? гэсэн асуулт гарна аа даа. Хариулах гээд үзье.
Машиныг дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдлийг Э.Бат-үүл бодож олоогүй. Өмнө нь энэ аргаар замын түгжрэлийг бууруулах талаар санал гарч байсан ч, хэтийн төлөв нь эргэлзээтэй гэж үзсэн хотын удирдлагууд халгаагаагүй.
Харин шинэхэн хотын дарга “бэлэн байсан” шийдлийг удахгүй болох дүүргийн сонгуульд зориулан цочмог гаргасан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай ярианаас иргэдэд үүссэн хүлээлт дээр уг цочмог арга хэмжээ дүүргийн сонгуульд ихээхэн нөлөөлсөн. Хотын шинэ удирдлагад иргэдэд учрах бэрхшээл, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал тэр үедээ чухал байсангүй. Шууд нүдэнд туссан энэ шийдвэрийн сонгуульд нөлөөлөх “увидас” юу юунаас чухал байлаа. Үүнийгээ зоригтой шийдэл, шинэчлэл гэсэн дэврүүн уриагаар халхавчилсан. Үр дүнд нь нийслэлийн бараг бүх дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулж чадлаа.
Зах зээлд хөндлөнгөөс нөлөөлсөн энэ арга хэмжээ эдийн засгийн утгаараа иргэдэд хохиролтой байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Харин хичнээн хүн аргагүй шалтгаанаар “хүсээгүй” машиндаа хөрөнгө оруулж, тэр хэмжээгээр өрсөлдөх чадвар нь дордсоныг тодорхой хэлэхэд адармаатай л даа.
Юм хийсэн хүнийг гоочилж байна гэж хотын даргаа өмөөрөх хүн гарч мэднэ. Гэхдээ гал унтраах биш, даацтай гаргалгаа хийвэл бидэнд илүү хэрэгтэй санагдах тул саналаа нэмэрлэе. Эргэцүүлэх эрхийг танд үлдээв.
Замын түгжрэлийг бууруулахын тулд хүмүүсийг машинаас нь “буулгах” хэрэгтэй. Нийтийн тээврийг өөд татаж чадвал хүмүүс дуртайяа машинаа “хаяна.” Энэ нь замын түгжрэлийг даацтай шийддэг дэлхийн жишиг.
Монголд нийтийн тээврийн олон хэрэгсэл байхгүй л дээ. “Ачааны хүнд”-ийг автобус үүрдэг.
Автобусны орчин сайнгүй, маршрут оновчгүй, цаг хугацаандаа ирдэггүй болохоор хүмүүс автобусанд суудаггүй. Мөн нөгөө талаас Улаанбаатарт машинтай байх нь дэндүү хямд тул хүмүүс автобусаар үйлчлүүлэхгүй байгаа. Өөр шалтгаанууд байдаг ч эднээс том шалтгаан олон байхгүй болов уу.
Нийтийн тээврийн салбарт төрөөс жил бүр 60 тэрбум орчим төгрөгийг татаас болгож өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, оюутны хөнгөлтийн билетийн мөнгө үүнд багтна. Харин нийтийн тээврийн салбарын нийт зардал 120 орчим тэрбум төгрөг. Нийт зардлынх нь тавин хувийг нь төрөөс өгч байгаа гэсэн үг. Төрийн өгдөг татаасыг 120 тэрбум болгож, автобусыг үнэгүй болгох саналыг хувийн хэвшлийнхэн гаргасныг та лав сонссон байх. Судлууштай л асуудал.
Гэхдээ төрөөс бүх татаасыг өгөөд, үйлчилгээг үнэгүй болгож энэ салбарыг босгоно гэвэл худлаа болов уу. Миний бодлоор автобус үнэгүй болмогц, одоо билетний үнэ төлөх чадваргүй болохоор автобусанд суух эрхгүй байгаа “траншей”-нийхан автобусанд “амьдарч” эхэлнэ. Гадуурхаж байгаадаа биш, зорчигчид тэдэнтэй мөр зэрэгцээд үйлчлүүлэх үү? гэдэгт эргэлзэж байгаадаа хэлж байна. Тооцож байснаас бүр эсрэгээрээ зорчигчийн тоо буурвал яана.
Дээр нь хувийн болон төрийн өмчийн хосолмол хэлбэртэй энэ салбарт өрсөлдөөн шудрага явагддаггүй. Хувийн хэвшлийнхэн нь үүргээ гүйцэтгээд, ашиг олоод амьдраад байдаг. Гэтэл төрийн өмчтэй нь бөөн өр. Байнга татаас нэхнэ. Унахаараа айлгана. Тиймээс энэ салбарыг яаралтай хувьчлах нь үйлчилгээг эрүүлжүүлэх гол гарц болов уу.
Ингэсний дараа нийтийн тээврээр үнэгүй зорчих бүх төрлийн хөнгөлөлтийг хүчингүй болгож, оюутан, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг хөнгөлөлтийг шууд өөрсдөд нь олгож, хүүхдүүдийг 50 төгрөгөөр ч юм уу үйлчлүүлдэг болговол ямар вэ? Тэгвэл автобусанд орсон хүн бүр мөнгө төлдөг болно. Хуурамч карт, үнэмлэх хийгдэхгүй. Мөнгө үрэхгүй. Түүнийг шалгана гэж зовохгүй. Тэр хэрээр үйлчилгээ тодорхой болох биш үү? Үнэгүй юм үнэгүй л байдаг.
Үүнийг тансаг зэрэглэлийн том оврын жийп, хуучин оны машинаас авдаг татварын хэмжээг дорвитой нэмэгдүүлэх шийдвэртэй хослуулбал ямар вэ? Эндээс олсон орлогоо автобусны маршрутыг оновчтой, цагтаа ирдэг болгох, хотын гаднах авто зогсоолуудыг байгуулахад зарцуулж ч болно шүү дээ.
Зэрэгцээд таксины үйлчилгээг зах зээлийн аргаар “тордох” шаардлагатай. Хувиараа “халтуур хийж” амьдралаа залгуулдаг иргэдээс татвар авч, машинд нь таксины таних тэмдэг зүүлгэе. Таних тэмдэгтэй эдгээр машинуудыг дугаарын хязгаарлалтанд хамрагдахгүй болгоё. Тэдэнд мөрдөх стандарт, тоолуурын систем нэвтрүүлье. Тэгвэл таних тэмдэггүй машинд хүн суухгүй, энэ салбарт тохиолддог гэм хэрэг ч хумигдана.
Тэгвэл олон хүн энэ үйлчилгээг эргэлт буцалтгүй сонгоно. Зөвшөөрөлтэй таксины тоо нэмэгдэнэ. Ингэж нэг өдөр “халтуурдах” эрхээ хасуулаад байгаа хувийн таксины орлогыг хаасан алдааг ч засаж болно.
Эдгээр бүх алхам нь дугаар хязгаарласан шийдвэртэй хослуулан хэрэгжүүлэх давхар арга хэмжээ. Нэг үгээр томоохон хотуудад нийтийн тээврийн 60-80 хувийг нуруундаа үүрдэг метрог Улаанбаатар хотод байгуулах хүртэл үргэлжлэх зөвхөн хугацаа хожиж, өрсөлдөөн бий болгох аргууд юм даа.
Хотынхны метротой болох тухай яриа нь хугацааны хувьд олон улсын жишгээс зөрүүтэй, дэврүүн төсөөлөл мэт сонсогдож байна. Тиймээс метрог хэдий хугацаанд яг барьж, ашиглалтанд өгөх боломжтойг маш тодорхой болгох хэрэгтэй. Ингэвэл иргэд түүнд зохицуулж “амьдрал”-аа төлөвлөнө.
Хэрэв дугаар хязгаарласан энэ шийдвэртээ “хөнгөн найдвал” машины тоо энэ хурдаар нэмэгдэж, 2016 онд бүх хүн 2 машинтай болсон ч, түгжирдэг зовлонтойгоо нүүр тулах нь гарцаагүй ээ. Энэ үед дараагийн сонгуульд зориулж, автомашинуудыг үйлдвэрлэсэн оноор нь хязгаарлах гэх мэт бас нэг гэнэтийн шийдэл “бодож олоод” биднийгээ хохироохгүй байхыг хүсье.
Америкийн нэгэн компани 1996 онд бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүй бууруулж, зохиомол эрэлт үүсгэсэн хэргээр ял тулгуулж байжээ. Зохиомол эрэлт үүсгэхийг хэрэглэгчийн эсрэг гэмт хэрэг гэдэг. Туслах гэж байгаа мэт харагдав ч, хорлож байна гэдгийг нь мэддэг.
Зах зээлд хөндлөнгөөс нөлөөлж, автомашины эрэлтийг зохиомлоор өсгөсөн хотын даргын үйлдлийг соёлт ертөнцөд хэрэглэгчийн эсрэг “гэмт хэрэг” гэж үзнэ. Харин манайд үүнийг хэн ч анзаараагүй билээ.
Улс төр судлаач Очирбатын Алтансүх