Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” өөрийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Mongol Metals”-тай хамтран Хармагтайн хайгуулын ордыг “Turquoise Hill” компаниас худалдан авахаар хэлэлцээр хийж байна. Хармагтайн өндөрчанартай порфир зэс, алтны ордыг “Turquoise Hill”-ийн охин компани болох “Оюут улаан” компани 100 хувь эзэмшдэг.
Харин “Xanadu Mines” компани “Оюут улаан” компанийн хувьцааны 90 хувийг 14 сая ам.доллараар худалдан авах сонирхолтой байгаа аж. “Mongol Metals” компани эхний ээлжинд дөрвөн сая ам.доллар гаргах ёстойгоос одоогоор 500 мянган ам.долларыг урьдчилсан төлбөр маягаар хийжээ. Харин үлдсэн 10 сая ам.долларыг 18 сарын хугацаанд төлнө хэмээн “Xanadu mines” компаниас мэдээллээ.
Тус компани хайгуул болон худалдан авалтыг санхүүжүүлэх замаар “Mongol Metals” компани дахь эзэмшлээ 85 хувь болгон нэмэгдүүлэх эрхтэй юм байна. Энэ удаагийн худалдан авалттай холбогдуулан “Xanadu Mines” компанийн Гүйцэтгэх захирал Жорж Ллойд “Хармагтай бол Монголд байгаа хараахан ашиглаж эхлээгүй боловч дээд зэргийн чанартай зэсийн томоохон ордуудын нэг юм.
Түүнээс гадна энэ удаагийн арилжаа нь манай зүгээс “Noble” групптэй хамтран хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны үнэ цэнийг бататгаж өглөө” гэж мэдэгдлээ. Хармагтайн орд нь Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд тус ордод явуулсан хайгуулын үр дүн өндөр чанартай порфир зэс, алтны нөөц байгааг тогтоожээ. Уг орд нь Оюутолгойн ордоос хойд зүгт 120 км зайд нийт 67 км квадрат талбайг хамран оршдог ба “Turquoise Hill Resources” компаниас өмнө Монгол, Орос, Японы геологийн багууд судалгааны хайгуул хийж байсан байна.