Манай улс Баялгийн сан байгуулна гэж Сангийн яамны дэргэд Баялгийн сан гэгчийг байгуулаад гурван жилийн нүүрийг үзэж байгаа ч үр дүн алга. Баялгийн сангийн хуулийг энэ ондоо багтааж батлуулахаар ажиллаж байна хэмээн сангийн яам амлаж байсан. Гэтэл өнөөдөр юун баялгийн сан манатай болж төсвийн орлогоо бүрдүүлэхээр сандралдацгааж байх шиг.
Өнгөрсөн оны гуравдугаар сард гадаадаас зочид төлөөлөгчид урин авчирч туршлага судлаж олон зүйл сурч мэдэж авсныг албаныхан магтаад л байсан.Бас ч болоогүй мэргэжилтнүүд гадаад руу сургалтанд явуулж байсан ч өнөөдөр баялгийн сангийн сураг алдарлаа. Уг нь Баялгийн сантай болох нь олон сайн талтай гэж эдийн засагчид хэлдэг.Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэх мэт голлох ашигт малтмалын үнэ жилд 20 хувиас илүүтэйгээр хэлбэлздэг гэсэн судалгаа байдаг байна.Тэгэхээр төсөв оруулахаар тооцоолсон хэмжээнээс ашигт малтмалын үнэ доош унавал Баялгийн санд хуримтлуулсан хөрөнгөнөөс нөхдөг юм байна.
Мөн иргэддээ урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тэтгэвэр болон нийгмийн даатгалын сантайгаа энэ Баялгийн сангийн менежментийг уяж иргэддээ хөрөнгө оруулалт хийдэг. Бас баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг санхүүгийн төрөл бүрийн хэрэгсэлд оруулж, хүүгээс нь ашиг олж болдог. Байгалийн баялаг ихтэй орнуудад хөгжлийн чиг хандлагаа өөрчлөх боломжийг уул уурхайн салбар олгодог гэдэг Манайх шиг зэсийн нөөц арвинтай Чили улсад уул уурхайн орлогоо зөв зарцуулахын тулд Баялгийн сан байгуулсан туршлага бий. Ашигт малтмалаас олсон орлогоо оновчтой удирдан өнөөдрийн хэрэгцээгээ хангахаас гадна хойч үедээ хуримтлал үлдээх гэсэн зорилго Баялгийн сантай болгоход түлхдэг аж.
Тухайлбал, Норвеги, Канад зэрэг дэлхийн олон орон Нийгмийн даатгалын сан, Баялгийн сан гэсэн томоохон хуримтлалын сантай. Иймээс ч манай Сангийн яамны мэргэжилтнүүд Чили улсын Баялгийн сангийн туршлагыг судалж байгаа гэсэн.Хэдий чухам ажил хэрэг болж хэрэгжих нь шийдгүй.Баялгийн сангаараа дамжуулж ард түмэндээ байгалийн баялгийн хувь хишгийг ижил тэгш хүртээж уос орноо хөгжлийн замд оруулах санаа манай улсын хувьд боломжтой.Гэхдээ баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллаж чадсан тохиолдолд шүү дээ.Одоохондоо “Баялгийн сан байгуулна”гэсэн ерөнхий дүр зурагтай Монгол улс чухам хэзээ хэрхэн байгуулах, хэн ажилууллах вэ гэдэг зүйл асуудал дагуулсан тодорхойгүй сэдэв байсаар байна.
Уг нь өнгөрсөн гуравдугаар сард Сангийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажлын хэсэг гарган Монгол улсад тохирох баялгийн санг бий болгохоор судалж байгаа гэсэн мэдээг дуулгаж байсан ч өнөөдрийг хүртэл гаргасан үр дүн алга.Тиймээс эргээд нэг сануулахад Баялгийн сангийн талаарх асуудал юм болсон вэ гэдгийг холбогдох албаныханаас асуумаар байна.
С.Саранзаяа
Эх сурвалж:Оллоо.мн