Нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадуур байгаагаас зүй бусаар хорвоог орхиж байна

                                                         Харгалзагчгүйн хохирогчид

f8c90c2f508f2a3bigХаргалзах хүнгүй гэрт үлдсэнээс хохирогч болж буй хүүхдүүд олширсоор. Хамгийн сүүлийн жишээ, 2014 оны нэгдүгээр сарын 23. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр  хүүхэд осгож, долоон настай эгч нь амиа алдсан юм. Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийнх нь буузыг чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч, долоон километр гаруй газарт яваад осгожээ. Таван настай дүү С.Хонгорзул нь хөл гар нь хөлдсөн ч амьд үлдсэн бөгөөд долоон настай эгч нь өөрийнхөө хувцсыг дүүдээ давхарлаж өмсүүлэн өөрийнхөө амиар дүүгээ аврахыг хичээсэн байв.

2013 оны есдүгээр сарын 5. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжины гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад дөрвөн ханатай гэр шатаж нурсан байсныг унтраажээ. Галд гурван настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Тухайн гэр шатахад хаалга гаднаасаа цоожтой байсан ба эцэг, эхчүүд нь хүүхдээ гэр нь цоожлоод явсан байжээ.

2012 оны долдугаар сарын 18. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харз гэдэг газар нэг айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан хэрэг гарчээ. Галын дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах багийнхан ирж, галыг унтраахад таван настай охин Н, гурван настай охин С нар нь гэртээ хоёулхнаа байсан байна. Таван настай эгч нь дүүгээ тэвэрч, дээрээс нь дарж хэвтсэн байдалтайгаар олдсон аж.

2011 оны зургадугаар сарын 22
. Чингэлтэй дүүргийн 18 хороонд хоёр настай хүүхэд гэртээ угаартаж нас барсан байна. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хүүхэд ганцаараа байжээ.

Хүүхдүүд маань ийнхүү эндсээр. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт эмхэтгэлийн тоон судалгаагаар нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадуур байгаагаас зүй бусаар хорвоог орхиж байна гэх дүн гарчээ. Түргэний эмч нар гэртээ үлдсэн хүүхдүүдийн хамгийн ихээр энддэг шалтгааныг нэрлэхдээ галд түлэгдэх, халуун тогоонд орох, халуун савтай цай татах, ханын залгуурт хадаас хийж цахилгаанд цохиулсан, цавуугаар ам, нүд, сормуусаа наалдуулах, ялааны хор долоосноос, химийн хүчтэй хорт бодист хордсон зэргийг онцолсон юм. Зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлт өвчнөөр 1200 гаруй хүн хандсан, үүний 850 орчим тохиолдол буюу 69 хувь нь зөвхөн 0-4 насны хүүхдүүд байгаа аж. Гол нь энэ бүх осол эндэгдэлд нийтлэг байдаг зүйл нь “Хүүхдээ хараа хяналтгүйгээр орхисон” гэх шалтаг юм. Тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог, 10 насны хүүхэд дүүгээ хараад гэртээ үлддэг тухай ч Хүүхэд хөгжлийн Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурдаж.

Анзааргагүй, хэнэггүй зантай эцэг эхчүүдээс гадна аргагүйн эрхэнд цоожлоод гарч буй аав ээжүүд бас бий. Цэцэрлэгт багтаагүй, харуулах хүнгүй, өөрсдөө харвал цалин, орлогогүй болчих зовлон олон хүнд бий. Улсын хэмжээнд 2-5 насны 220.3 мянган хүүхэд /нийт хүн амын 7.4 хувь/ байдаг аж. Тэдний 56 мянга нь буюу 10 хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй аж. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 89240 хүүхэд байдгаас 29.5 мянга буюу 10 хүүхэд тутмын дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдсээр байна. Цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын асуудлаа шийдэж чадаагүй хэвээр. Гэртээ үлдээсэн хүүхдүүд золгүйгээр эндсээр л… Өнөөх цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын асуудал чинь юу болж байна вэ. Хүүхэд харах хууль ч сураггүй хүлээгдсээр.

Б.МАНДАХ

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …