Олон улсын хэмжээнд жилдээ зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилд зориулж байгаагийн 10 хувийг нь Монгол Улс өөртөө татахыг зорьж байгаа гэж Уул уурхайн сайд илэрхийллээ. 2012 оны байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Монголд 332.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийгджээ. Харин 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр 6.8 тэрбум төгрөгийг геологийн судалгааны ажил хийгдсэнээр нийт төлөвлөгөөт ажлын 93 хувийг хийж гүйцэтгэсэн байна.
Үүнийг задалж харвал сэдэвчилсэн ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй байхад хамтын ажиллагааны төслүүд 168.9 хувийн гүйцэтгэлтэй байсан болохыг Ашигт малтмалын газраас мэдээллээ. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 оныг дуустал нийтдээ 401 мянган км квадрат нутаг дэвсгэрийг хамарсан геологи, судалгааны ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үүний хүрээнд энэ онд улсын төсвөөс 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна. Мөн 2013-2016 оны хооронд 287.9 мянган км квадрат талбайд 1:200,000 масштабын геологийн зураглалын ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр дээрх масштабаар судлагдсан талбайн хэмжээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 96.1 хувьтай тэнцэх юм байна.
Өнгөрсөн оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 52.5 хувийг 1:200,000 масштабын геологийн зураглалын ажилд бүрэн хамруулаад байжээ. Харин томсгосон буюу 1:50,000 масштабаар 2013 онд Монгол Улсын нийт нутаг дэсвгэрийн 14.2 хувийг геологийн зураглал болон ерөнхий эрлийн ажилд бүрэн хамруулсан байна. Одоогийн байдлаар 46.6 мянган км квадрат талбайд геологийн зураглалын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Ойрын хугацаанд 1:50,000 зураглалыг нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа болохоо мөн салбарын яамнаас танилцуулаад байна. Монгол Улсын хувьд нөөцийн ихэнх нь төвийн болон зүүн бүсүүдэд тархаад байгаа бол баруун болон хангайн бүсэд геологийн хайгуулын ажил төдийлөн сайн хийгдээгүй байгаа юм.