“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг холбогдох судалгаа, тооцоонуудыг хийж байгаа аж. Тус хуулийн өөрчлөлтөөр “Урт нэртэй” хууль батлагдсан өдөр буюу 2009 оны долдугаар сарын 16-наас өмнө олгогдсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд байгаль орчныг нөхөн сэргээх хатуу хяналтын дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрөх байсан юм. Ингэснээр төр компаниудад олгох олон тэрбум төгрөгийн нөхөн олговроос зайлсхийж, мөн сүйдсэн талбайд компаниудаар нөхөн сэргээлт хийлгэх боломжтой болно.
“Урт нэртэй” хуулийн хүрээнд нийт 480 орчим А лиценз хамрагдсан байдаг. Үүнээс хүчингүй болсон, стратегийн орд, маш бага талбай нь хамрагдсан, мөн голын эх бүрэлдэх хэсэг дээрх лицензүүдийг хасаад 350 гаруй лиценз хамрагдаж байгаа юм. Дээрх лицензүүдийн 200 гаруй нь алтных бөгөөд нийт 280 гаруй компани эзэмшдэг байна. Байнгын хороодоос томилогдсон Ажлын хэсэг дахин дэд Ажлын хэсэг байгуулж, дээрх лицензийг эзэмшигч компаниудын гаргасан зардлыг тооцож гаргасан байна. АМГ-г өгсөн тайланг нь шүүж үзээд 350 гаруй лицензийн нөхөн олговорт хамгийн багадаа 480 тэрбум орчим төгрөг олгох ёстой гэсэн тооцоо гарчээ. Хэрэв “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөхгүй гэвэл зөвхөн А лицензүүдэд хамгийн багадаа 480 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох ёстой болж байгаа юм.
Урьд нь “Урт нэртэй” хуульд хамрагдсан ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээ багадаа 650 тэрбум төгрөг болно хэмээн УУЯ-наас мэдээлж байсан билээ.
Байнгын хороодоос томилогдсон Ажлын хэсэг нөхөн олговрын тооцоо судалгаатай танилцаж, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлт хийхдээ ашиглах юм.
эх сурвалж: ньюс.мн