Модон морь жилийн Сар шинэ сайхан гарлаа. Энэ баяраар монголчууд нийтээрээ өвөг дээдсээ өргөж, ахас ихэсээ ачилж, бага балчираа хүндэлж төр, ёсоо дээдлэн сайхан шинэлцгээлээ. Модон морь жилийн нэг онцлог нь өрх бүл айлчин, гийчнээ архи дарсаар шахаж, шавдуулахгүй, зарим айл айраг, цагаа сөгнөсөн байна гээд амны билэгтэй үгс шинийн дараагаар хөвөрч байна лээ. Үнэндээ ч гудамж талбайд зөрөн өнгөрөх хүмүүсээс согтуурч, хөлчүүрхсэн хүмүүстэй тааралдсангүй гэж олон түмэн ярьж байна. Үүний зэрэгцээ хачирхалтай мэдээлэл ч тохиолоо. Бидэнд “Монос” эмийн үйлдвэрлэлээр танигдсан тус компанийнхан харилцагч эмийн сангууддаа “Арван ундарга” компанийн үйлдвэрлэсэн “Домогт” нэртэй архийг бэлэглэсэн байна. Бэлэг гардуулахдаа энэ бол манай үйлдвэрлэж байгаа архи хэмээн сайрхаж байсан сураг дуулдана. Энэхүү архи нь 24 градустай, архины шил хийгээд савлагаа нь хүний нүд хужирлахаар тун чамин эд аж.
Үнэхээр “Арван ундарга” компани нь “Монос” группын охин компани мөн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ бэлэг гардуулахдаа бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гэсэн байдаг. Хэрвээ үнэн бол тус групп охин компани байгуулж согтууруулах ундаа үйлдвэрлэж эхэлжээ гэсэн үг. Бизнесийн байгууллагууд хүрээгээ тэлж, компани өргөжүүлэхийн тулд юу үйлдвэрлэж, хэнд ямар бэлэг өгөх нь хэн нэгэнд хүртээлгүй байж болно. Нөгөө “баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гэгчээр. Гэхдээ энд өөр асуудал байна. Эмийн компани гэнэт яагаад согтууруулах ундааны бизнес сонирхоод эхлэв. “Монос” группыг үүсгэн байгуулагчдын нэг, тус группын дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг 2012 оны сонгуулиар УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс парламентад сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр архи, тамхийг ихэд жигшдэг нэгэн. Тиймээс ч өнгөрсөн онд Тамхины хяналтын тухай хуулийг бусад гишүүдийн хамт санаачлан, батлуулж, эдүгээ хэрэгжиж байгаа. Мөн архины хуулийн төслийг ч дэмжиж байгаа гэдэг. Гэтэл түүний компани архи үйлдвэрлээд эхэлдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Архигүй Монгол” аян өрнүүлэн Архины тухай хуулийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд Архийг худалдаалдаг тусгай цэгтэй байх, хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй байх гэх зэргээр архийг худалдаалахыг хорьсон бус харин цэгийг нь тусгайлан зааж өгсөн байна билээ. Түүнчлэн архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи болон 38-аас доош хатуулагтай шар айраг, улаан дарс гэж ангилах. Хууль батлагдсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи зарна. Хүнсний дэлгүүрүүдэд бол шар айраг, улаан дарсаа зарахаар хуульчлах юм билээ.
Энэ хуулийн төслийг эмэгтэй гишүүдийн бүлэг, тэр дундаа Л.Эрдэнэчимэг гишүүн хоёр гараа өргөн дэмжиж байгаагаа хэвлэлээр өгсөн ярилцлагадаа хэд хэдэн удаа хэлсэн. Түүний хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжих болсон шалтгаан нь өөрийнх нь шинэ бизнестэй холбоотой байж болох талтай. Учир нь хуулийн төсөлд архины хатуулгын хэмжээгээр хаана зарж болох болохгүй заагласан нь бий. Дээр яригдаад буй “Домогт” нэртэй архи бол 24 буюу шар айраг, улаан дарсны ангилалд хамаарч хүнсний дэлгүүрүүдэд зарагдах боломжтой юм билээ. Эндээс л алсыг харсан бизнес санаа яваад байгаа болов уу гэж хардаад байгаа юм. Хэрвээ хууль батлагдаад хэрэгжвэл “Домогт” нь үнэхээр “Монос”-ын бизнес бол тэдний шинэ бүтээгдэхүүн хаа сайгүй зарагдаж чамгүй ашиг эзэддээ оруулна. Ийм учраас л Л.Эрдэнэчимэг гишүүн Архины хуулийг хоёр гараа өргөөд дэмжээд лоббидоод гүйгээд байгаа юм гэх яриа ч сүүлийн үед эрчээ авч байна. Энэ бүхэн ортой бол гишүүн Л.Эрдэнэчимэг сонирхлын зөрчилтэй гэгдэж, архи үйлдвэрлэгч гишүүдийн тоог ч нэгээр нэмсэн гэсэн үг.
Н.Нягт
Эх сурвалж: http://shuud.mn