Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураар богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу, мэдээ гэхчилэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар телевизид донтохыг тамхины хор хөнөөл болон илүүдэл жингийн эсрэг хийж буй тэмцэлтэй адил анхаарах цаг болсон аж.
“Дэлгэцийн өмнө өнгөрөөж буй цаг хором бүр хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулдаг. Нэг цаг тасралтгүй телевиз үзсэн хүн өөрийнхөө амьдралаас багаар бодоход 22 минутыг хумсалж байсан гэсэн үг” хэмээн Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтдийн “British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дурджээ. Тэд судалгаа хийсэн бөгөөд телевиз үзэх дуртай 11247 австрали хүнээс авсан асуулгаа боловсруулж гаргасан дүгнэлт гэнэ. Хүмүүсийн өгсөн хариултыг Австралийн нас баралтын тухай статистиктэй харьцуулахад дээрх аймшигтай үзүүлэлт гарчээ.
“Телевиз үзэхэд өдрийн ихэнх хугацааг зарцуулах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг учраас хоногт хоёроос илүү цаг телевиз үзэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд нэн хортой үйлдэл” хэмээн эрдэмтэд анхааруулжээ.