22 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам ОХУ-ын Сочи хотноо эхлээд байна. Орон нутгийн цагаар 20 цаг 14 минутад эхэлсэн нээлтийн ёслолыг үзэхээр 40 мянга гаруй хүн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн иржээ. Олимпийн наадмыннээлтийн үйл ажиллагаанд 3000 уран бүтээлч болон 2000 сайн дурынхан оролцсон байна.
Олимпийн наадмын үйл ажиллагаанд зориулж Сочи хотод дөрвөн сая метр квадрат талбайд шинээр орон сууц болон зочид буудал байгуулсан ч барилгын ажил нь одоогоор бүрэн дуусаагүй байгаа аж. ОХУ-ын эрх баригчид Олимпийн наадамтай холбоотойгоор аялал жуулчлал ихээхэн хөгжинө гэж тооцоолсон байна.
Сочид хамгийн томд тооцогдож байгаа таван одтой “Marriott International” зочид буудал Олимп дууссаны дараа 2015 он хүртэлх хугацаанд ОХУ дахь салбарынхаа үйл ажиллагааг 50 хувиар тэлнэ гэж мэдэгджээ. Дашрамд дурдахад тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ-ын аюулгүйн албаныхан цэргийн хоёр хөлөг онгоцыг Хар тэнгист байршуулаад байгаа бол тус улсын цана, сноубордын тамирчид хувийн хамгаалалтын албыг хөлсөлж байгаа ажээ.