Зөн билэгчдийг нийгэмд ойлгох нь тун ховор. Нэг хэсэг нь тэднийг луйварчин, хууран мэхлэгч гэж үзэж байхад зарим нь жинхэнэ гайхамшиг гэж бишрэх нь бий. Гэхдээ тэднийг хэн ч үгүйсгэдэггүй. Ер нь тэдний өөр ертөнцийг харах чадвар хаанаас гарч ирсэн юм бол. Энэ авьяасаа хэрхэн ашиглах вэ. Энэ талаар Оросын нэрт зөн билэгч Зираддин Рзаев “Правда” сонинд ярьжээ.
-Та бусад хүний бодлыг уншиж чаддаг онцгой чадвартай юу?
-Заримдаа хүний бодлыг ном уншиж байгаа мэт уншдагаа нуухгүй. Гэвч эндээс сайхан зүйл олж мэдэх нь ховор. Тиймээс энэ хүмүүсээс холхон байж, өөртөө ойртуулахгүйг хичээдэг. Муу, сайн хүн гэж байдаггүй. Харин сэтгэцийн хувьд эрүүл бус, тусламж хэрэгтэй хүмүүс л гэж бий. Би энэ тал дээр мэргэжилтэн болохоор урьдчилж харж, хамгаалалт хийх ёстой.
-Тэгэхээр таныг төөрөгдүүлэх боломжгүй байх нь ээ?
-Хааяа би танилуудтайгаа уулзахаар “Юу байна даа” гэж асуудаг. Тэр үед найзууд маань “Зираддин. Чи л намайг ямар байгааг мэдэхгүй байв гэж. Чи чинь зөн билэгч шүү дээ” гэдэг. Хэрвээ би энгийн үед хүн болгоны долгионыг мэдэрч, бодлыг нь уншвал амьдрал үнэхээр хэцүүднэ. Заримдаа өөрийнхөө авьяас билгийг мартаж, хүмүүстэй зүгээр л харьцаж, тэдэнд итгэхийг хүсдэг. Гэхдээ хэрэгцээтэй бол би ямар ч хүнийг нэвт шувт уншиж, амьдралыг нь ярьж чадна.
-Саяхан таныг тусгай албаныхантай хамтран ажиллаж байгаа тухай мэдээлэл гарсан. Ажил бүтэмжтэй юу?
-Энэ тухай бага зэрэг ярьж болно. Одоо нууц биш болсон юм чинь. Би мансуурагчдын том бүлэг, хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийг илрүүлсэн. Гэмт хэрэг болсон газрыг зааж, хүмүүсийн худлаа ярьж байгааг ялгаж чадна. Ер нь луйварчдыг харахад андашгүй. Тэдэнтэй хайр найргүй тэмцэх хэрэгтэй. Интернэтэд л гэхэд миний нэрээр хэдэн арван хуурамч сайт нээгдсэн байгаа нь миний эгдүүцлийг хүргэдэг. Ийм сайтуудад надаас тусламж авахыг хүссэн хүмүүст мэдээлэл гаргадаг. Эдгээрийн гол нөхцөл нь миний гэх данс руу асар их мөнгө шилжүүлэхийг шаардсан байдаг юм билээ. Энэ бүхэн хуурамч гэдгийг анхааруулж байна. Би зөвхөн хүмүүстэй биечлэн уулзаж байж ажилладаг. Тэр ч бүү хэл утсаар ч ярьдаггүй. Яагаад гэвэл миний хоолойг ч амархан дууриаж болно.
-Зөн билэгт суралцаж болох уу?
-Дэлхий дээр янз бүрийн их, дээд сургууль байна. Гэвч яруу найрагт сургадаг нэг ч сургууль байдаггүй шүү дээ. Яруу найрагчид агуу том сэтгэлгээний ертөнцтэй, өвөрмөц дүрслэлтэй байх ёстой. Тиймээс ганц боловсролоор Пушкин болно гэж үгүй. Яруу найраг бол ховор авьяас. Үүнийг хөгжүүлэх аргагүй. Түүн шиг зөн билэг ч бас сурах аргагүй зүйл. Заримдаа би зөн билгийн авьяаст суралцсан гэх зөн билэгчидтэй тааралддаг. Энэ бол огт худлаа. Зөн билгийн авьяас цаанаасаа ирдэг, эсвэл үгүй. Хамгийн гол нь үүнийг буруугаар ашиглахгүй байх ёстой.
-Зөн билэгчид бусдыг өөрийн эрхшээлд байлгахын тулд заль мэх хэрэглэх нь олонтаа?
-Хэн нэгний бие муу байвал би энэ талаар хэлдэг. Тухайн хүн давж гарна гэдгийг мэдвэл таагүй зүйл болох гэж байгааг ч хэлж чадна. Гэхдээ “Та үхэх нь ээ” гэж хэлж болохгүй. Үүнээс сэргийлэх ямар нэгэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Хэрвээ өвчтөн үхэх гэж байвал шууд хэлж болохгүй шүү дээ. Яагаад би түүнийг цагаас нь өмнө үхүүлэх ёстой гэж. Би ер нь олон зүйлийг ил хэлдэггүй. Үүнийгээ ч зөв гэж боддог. Гэхдээ аль болох дамжуулахыг хичээдэг.
Харин арга заль мөн эсэхийг өвчтөн өөрөө л мэдэх хэрэг. Өвчтөн өөрийнхөө боломжоор өөрийгөө эдгээж байхад эрүүл хүмүүс үнэтэй мэдээллээ олж аваад явдаг. Тиймээс би хэнийг ч өөрөөсөө уяад байдаггүй. Зөн билэгчийн хувьд би хүн болгоны энергийг мэдэрдэг. Хэрвээ тэр хүн надад таагүй санагдвал хэчнээн мөнгө, эд зүйлсээр ч түүнтэй ажилладаггүй.
-Үйлийн үрээ эдэлж яваа хүн ирвэл та туслах уу?
-Үйлийн үр гэж байдаггүй юм. Энэ бол Буддын гүн ухааны бодож олсон зүйл. Хүмүүс үйлийн үрээсээ бус, хүмүүжил, генетик, тэнэглэлээсээ болж зовж шаналдаг. Хэрвээ гэгээнтний хүүхдийг хулгайчийн гэрт өгөөд, хулгайчийн хүүг гэгээнтэнд өгвөл эхнийх нь хулгайч л болж таарна шүү дээ. Харин хулгайчийн хүүхэд энгийн хүн болж төлөвшинө. Тиймээс хүүхдэд барьж буй хамгийн том бэлэг нь хүмүүжил. Энэ бол бяцхан хүний авах ёстой хамгийн чухал зүйл гэдгийг хэлмээр байна.
-Тэгэхээр нацист, бусдыг тамлан зовоогч хүмүүс хүүхдүүдээ тайван, сайхан амьдарч болно гэж үзэж болох нь ээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд эцэг, эхийнхээ хийсэн зүйлд хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ шударга гэж үү?
-Тийм ээ, шударга явдал. Нацистуудын сүнс тамд шатна. Үүнд би итгэдэг төдийгүй мэддэг. Харин тэдний хүүхдүүд ямар ч буруугүй. Тэд өөрсдийнхөө амьдралаар амьдарч, өөрсдийн гэм нүглээ үйлдэнэ. Бас эсрэгээрээ зөв амьдарч, эцэг, эхийнхээ сүнсийг даатган залбирна. Дахин хэлэхэд хүмүүс бүхнийг үйлийн үртэй холбох дуртай байдаг. Учир нь тэдний зарим нь үүнийг ойлгохыг хүсдэггүй.
-Та энэ мэдлэгийг яаж олж авав?
-Дунд сургуульд сурч байхад нэг удаа зүүдэнд минь Фараоны эртний үсэг орж ирсэн. Энэ үсэг болон тусгай залбирлын тусламжтайгаар би үнэт мэдлэгийг олж авсан. Шаардлагатай бол би энэ залбирлыг хамгаалалт авах гэсэн хүмүүст сахиус болгон бичиж өгдөг. Хааяа энэ үсгүүдийг яаж унших вэ гэж хүмүүс асуудаг. Энэ бол зөвхөн надаар л уншигддаг үсгүүд. Үүнийг би өөр хүнд зааж өгч ч чадахгүй. Энэ бол зөвхөн миний л хэрэглэдэг арга барил бөгөөд өөр хүн ашиглаж чадна гэж бодохгүй байна.
-Энгийн хүн шиг амьдарч үзэхсэн гэж боддог уу?
-Заримдаа ямар ч нууц, оньсогогүй, энгийн хүн шиг амьдрах юмсан гэж боддог. Учир нь би хүмүүсээс дандаа сайн сайхныг бус, муу муухай, хар хүчийг олж харах нь элбэг. Гэхдээ би энэ авьяасаасаа зугтаж болохгүй.
Энэ бол бусдаас илүү авьяас чадвартай бүх хүнд хамааралтай. Ийм хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж, бусдад сайн сайхныг түгээх ёстой. Үхэгсдийн сүнстэй ярьдаг, далдыг хардаг сохор эмэгтэй юуны тулд амьдарсан байж таарах вэ.
Тэр дэлхий дээрх хүмүүст тусалж, сайн сайхан зүйлсийг хийсэн. Тиймээс би ч гэсэн энэ ертөнцөд хэрэгтэй гэсэн үг. Ер нь зөн билэгчид нийгэмд хэрэгтэй.
Э.Мөнхзаяа