Бензиний үнэ бага зэрэг хөдлөхийг Засгийн газраас хянахгүй

JAV_7364“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Газар тариалангийн бодлогыг шинэчлэх, экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, утаатай тэмцэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргах гэсэн гурван асуудалд өнгөрч буй долоо хоногт төвлөрч ажилласан” талаар мэдэгдэв.

Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил бараг хоёр дахин нэмж, 34 сая тоннд хүргэхээр зорьж байна. Шинэчлэлийн Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн урьдчилсан шалгаруулалт Хөгжлийн банкин дээр хийгдэж байгаа, ирэх долоо хоногт эхний шатны дүнг танилцуулна. Төрийн бодлогын дэмжлэгээр зах зээлд хямд үнийн жишиг тогтоож буй Буянт-Ухаа орон сууцны хороололд иргэдээс захиалга авах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд онцоллоо.

Нефть импортлогчид шатахууны жижиглэн худалдааны үнээ өчигдрөөс эхлэн 90 хүртэл төгрөгөөр нэмсэн тухай сэтгүүлчдийн асуултад “Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн жил өсөөгүй, харин ч 50 төгрөгөөр буурсан. Өнөөдрийн хувьд үнэ бага зэрэг хөдлөхийг Засгийн газраас хянахгүй байгаа. Харин 90 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл байхгүй. Энэ талаар тодруулна” гэлээ.

Тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултанд:

-Хөшигийн хөндийд баригдаж байгаа нисэх буудлын барилгын явц хэр байгаа вэ. “Чингис хаан” нисэх онгоцны буудалд засвар хийхээр хөрөнгө оруулалт авахаар болсон  гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын ажил сайн явж байгаа. “Чингис хаан” нисэх онцгоцны буудлын хувьд хөрөнгө оруулалт хийж, засвар хийх санал ирснийг би хувьдаа дэмжихгүй байгаа. 2017 онд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох юм. Тиймээс их хэмжээний мөнгөөр “Чингис хаан” нисэх онцгоцны буудалд засвар хийх шаардлагагүй гэж бодож байгаа.

-Үйлдвэржилтийг дэмжих 1150 төслийн шалгаруулалт ямар шатандаа явна. Эдийн засагт хурдан хугацаанд өгөөжөө өгөх төслүүд хэр байна вэ, танилцав уу?

-Урьдчилсан байдлаар шалгаруулалтаа хийж байна. Төслийн шалгаруулалт үргэлжилж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тодорхой мэдээлэл өгнө.

-2014 оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих вэ, боловсруулж дууссан уу?

-Төсвийн тодотголоо гуравдугаар сарын сүүлээр юм уу, хаврын чуулганаар хэлэлцэнэ. Аудитын ерөнхий газраас царцаасан барилгуудыг шалгаж байгаа. Энэ дүгнэлт Засгийн газарт ирнэ. Ирэх долоо хоногоос Аудитын дүгнэлттэй танилцсаны дараа  2014 оны Төсвийн тодотголоо өргөн барина.

-“Самурай”, “Чингис” бондоор үйлдвэржилтийг дэмжих журам хэзээ батлагдах вэ. Зээлийн хүүний хувьд хэд байх вэ?

-Засгийн газраас 1150 төсөл хүлээж аваад, шалгаруулалт нь үргэлжилж байна. Экспортыг дэмжих, импортыг орлох 1150 төслийн шалгаруулалт Хөгжлийн банкинд хийгдээд явж байгаа.

-Эрчим хүчний салбарын үнийг зах зээлийн горимд шилжүүлэх тухай УИХ-ын 72-р тогтоол энэ оноос хэрэгжиж эхэлсэн.  Энэ тогтоолын хэрэгжилт ямар шатандаа явна вэ. Эрчим хүчний салбарын үнийг чөлөөлөх тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол зах зээлийн хувьд эрчим хүчний үнэ чөлөөтэй байдаг. Монгол Улсын өнөөгийн нийгмийн үед эрчим хүчний үнийг зах зээлд шууд чөлөөтэй байлгах боломжгүй байгаа. Тэгэхээр үүнийг тодорхой үе шаттай, аажмаар шилжих бодлогыг Засгийн газар барьж байгаа.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …