Монголын нүүрсийг үнэд хүргэх төмөр зам хаана байна вэ?

-”Coal Mongolia” чуулга уулзалтаас хүсэх зүйл гэвэл Монголын нүүрсийг үнэд хүргэх төмөр зам хаана байна вэ гэдгийг тодруулах явдал юм-

Энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-21-нд нүүрсний салбарт хөрөнгө  оруулагчдын уламжлалт чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Нүүрсний салбар уналтад орж, компаниуд тэг зогсолт хийсэн энэ үед  болж буй чуулга уулзалт ямархүү үр дүн авчирч чадах бол гэсэн асуулт мэдээж тавигдаж таарна. Чуулга уулзалтаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөх юм. Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чуулга уулзалтыг чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь ярьж байгаа. Магадгүй тэдний хэлснээр чухал уулзалт байж болох ч үр дүн илүү чухал. Үр дүн хаана байна вэ?
Нэгэн цагт дэлхийн нүдийг бүлтийлгэж, эрчим хүчний шинэ тоглогч хэмээн цоллуулж явсан  Монгол Улсын нүүрс үнэгүйдэж, Хятадын зах зээлд эзлэх өрсөлдөх чадвар улам бүр хумигдсаар  байна.  Монголын нүүрсний зах зээлийг эзлэх гэсэн өрсөлдөөн гадаад зах зээлд улам ширүүсч, дэд бүтцийнхээ хөгжлийн сайжруулж, нүүрсний салбараасаа мөнгө босгох бодлогоор гадныхан уралдаж байна.

Харин монголчууд юу хийж байна вэ.  Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2014” чуулга уулзалтыг эс тооцвол энэ салбарт үйл явдал нам гүм байна. Тээвэрлэлтийнхээ зардлаас асар их алдагдал хүлээх болсон нүүрсний компаниуд экспортоо зогсоож, салбарын яамнаас энэ талаар ямар ажил хийж байгаа нь тодорхой бус. Хаа нэгхэн хэвлэлийн бага хурал хийж, салбарын сайд нь нүүрснийхээ экспортын хэмжээг нэмнэ гэхээс үнийг нь хэрхэн өсгөх талаар гадаад ертөнцтэй ямар хэлээр ярьж байгаа талаар тайлбарладаггүй. Тийм ч учраас хэдхэн хоногийн дараа болох чуулга уулзалтаас ихийг хүлээх хэрэггүй бололтой.

Мэдээж чуулга уулзалтаар байнга л ярьдаг дэд бүтцийн асуудал энэ удаа хөндөгдөнө. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаа тухай ярина. Төр засгийн бодлого муу байгааг шүүмжилнэ. Шинэ технологийн талаар зөвлөлдөнө. Тэгсхийгээд л энэ чуулга уулзалт өндөрлөх болов уу. Өмнөх гурван жилийн чуулга уулзалтын үр дүн, өнгө төрхийг харахад нэг иймэрхүү маягаар л явагддаг юм байна лээ. Тэнд бодлого боловсруулагчид, хууль батлагчдын ихэнх нь толгойгоо ч цухуйлгахгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр салбарын сайд нь нээлтэд оролцож, үг хэлж таарах байх.  Ихэнхдээ энэ чуулга уулзалтад хувийн хэвшлийнхэн болоод төрийн бус байгууллагынхан оролцож, төрд үгээ, гомдлоо хэлэхээр ирдэг. Тэдний гомдлыг сонсоод даруй арга хэмжээ авчихдаг бол чуулга уулзалтыг зохион байгуулсан нэг үр дүн хэмээн тооцмоор байна. Даанч тэгдэггүй болохоор дахиад мөнгө, цаг үрсэн иймэрхүү уулзалт эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ гэж асуумаар байгаа юм. Өнгөрсөн онд манай улс 28.6 сая тонн нүүрс олборлож, экспортод 16 сая тонн нүүрс гаргажээ. Өөрөөр хэлбэл, 12 орчим сая тонн нүүрсээ зарж чадалгүй уурхай дээрээ эсвэл хилийн ойролцоо хог болгочихсон гэсэн үг. Өнгөрсөн жилийн үлдэгдэл нүүрсээ шахсаны дараа дараагийн шинэ оны ажлууд яригдана.  Салбарын яамнаас өгсөн мэдээгээр 2013 онд 2012 оноос зургаан  сая тонн нүүрс илүү олборложээ. Гэхдээ илүү нүүрс олборлолоо гээд эдийн засгийн үр ашиг нь илүү байж чадсангүй. Тийм болохоор ашиггүй олборлолт явуулж, нүүрснийхээ үнийг улам хямдруулж байхаар бодлоготойгоор нүүрсээ ашиглах талаар хэлэлцэх нь энэ чуулга уулзалтын гол сэдэв байх ёстой. Өөрөөр хэлбэл, нүүрсээ үнэгүйдүүлэн байж их хэмжээний олборлолт явуулах уу, эсвэл олборлолтоо багасгах, экспортоо нэмэгдүүлэх, үнийг нь өсгөхөд анхаарах хэрэгтэй юу гэдгийг ярилцах ёстой.

Түүнийхээ дараа хамгийн гол асуудал болох төмөр замаа хэзээ барьж дуусгах вэ гэдэгт төрийн амлалтыг заавал авах хэрэгтэй. Төмөр замгүй хэрнээ, өндөр технологи ярьж, боловсруулах үйлдвэр мөрөөдөж, том дуугарах нь бодит байдалд нийцэхгүй. Энэ удаагийн чуулга уулзалтаас хүсэх зүйл гэвэл Монголын нүүрсийг үнэд хүргэх төмөр зам хаана байна вэ гэдгийг л тодруулах явдал юм. Энэ бол өнөөдрийн нөхцөлд салбарынхны дунд тавигдаж буй гол асуудал  юм.

Ж.ЭРХЭС
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №049

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …